Хот цэвэрлэгээ, тохижилт энэ жилээс дүүргүүд рүү шилжсэн. Харин нийслэлийн Засаг даргын Тамгын газар зөвхөн бодлогоор дэмжих үүрэг хүлээжээ. Харин дүүргүүд ямархуу цэвэрлэгээ, үйлчилгээ хийж байгааг төрийн бус байгууллагууд хянах аж. Тэгэхээр иргэд хотын цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой гомдлыг зөвхөн тухайн дүүрэгтээ гаргах юм байна. Түүнчлэн хотын цэвэрлэгээг зориулалтын машинаар хийх үү, дэрсэн шүүрээр шүүрдэх үү гэдгийг шийдэх хүмүүс нь дүүргийн удирдлагууд аж.
Учир нь, нийслэл ажлаа дүүргүүд рүү шилжүүлэхдээ хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд ашиглагдах техник төхөөрөмжийг тухайн дүүргийн нутагт цэвэрлэгээ, үйлчилгээ хийж байсан жолооч, ажилчдын хамт хүлээлгэн өгсөн байна.
Харин шинээр худалдан авах техник төхөөрөмжийг дүүргүүд өөрсдөө тендер зарлаж худалдан авна. Төсвийг ч мөн өөрсдөө хариуцах гэнэ.
Тэгвэл нийслэлээс дүүргүүд рүү шилжүүлсэн цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүдийн талаар Хот тохижилтын газрын дотоод хяналтын хэлтсийн дарга Б.Насанжаргалын өгсөн мэдээллээр “Монгол Улсад зориулалтын техник хэрэгсэл цөөхөн. Ойролцоогоор 30 гаруй зориулалтын машин байдаг. Зам угаах, агаар чийгшүүлэх болон бичил оврын, зам шүүрдэж цэвэрлэх машин 4-5 хүний ажлыг хөнгөвчилдөг. Монгол Улсад байгаа цэвэрлэгээний машинууд 4-5 жилийн хугацаанд ашиглагдаж байгаа” гэсэн юм. Хот тохижилтын газрын хог цэвэрлэх машиныг 2019 оны зургадугаар сараас нийслэлийн хог цэвэрлэгээнд ашиглах болсон.
Гэхдээ бусад улс орнуудад дрон, робот ашиглаж байхад Улаанбаатар хогийн шүүрээсээ салаагүй байгаа нь үнэн. Үүний албан тушаалтнуудын авлига хулгай нуугдаж буйг үгүйсгэхгүй. Нийслэлийн удирдлагууд хот тохижилтыг дүүргүүд рүү шилжүүлсэн гэх нэрээр асуудлаас "бултаж", "бид нар мэдэхгүй" гэх үгээр ам таглаж сууна.
Хот тохижилтын газрынхан “Замын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүй гэдэг гудамж, талбайг цэвэрлэх техник хэрэгслүүд үүрээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, иргэд унтаж байгаа хойгуур хог цэвэрлэх машин ажиллуулдаг. Өдрийн цагаар олон нийтийн зам талбайд цэвэрлэгээний машин ашиглах боломжгүй тул гудамж, талбайг шүүрээр шүүрдэхээс өөр аргагүй” гэсэн тайлбар өгч байна. Гэвч, "иргэд унтсан хойгуур цэвэрлэгээний машин хотын гудамж, талбайг цэвэрлэдэг" гэдэгт нь итгэх хүн байхгүй биз. Шөнөөр гудамж талбайгаа цэвэрлэдэг байсан бол ТҮК-ийн ажилтнууд үүрээр зам шүүрдээд зогсохгүй нь тодорхой.
Ажлын алдаа бие, бие рүүгээ чихэж суухаар хот тохижуулах ажлыг хувийн хэвшлүүлэд хуваагаад өгчихвөл Улаанбаатар хог, тоосондоо дарагдахгүй байх.
Өмнө нь 2022 онд гудамж талбай цэвэрлэх зориулалтын машины дөрвөн тэрбумын тендер Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан. Гэвч олны дунд жижиг ногоон цас цэвэрлэгч гэж нэрлэгдээд байсан 28 машиныг техникийн үзүүлэлт хангаагүй гэх шалтгаанаар Хот тохижилтын газар хүлээн аваагүй буцаасан байна. Тухайн машин цас цэвэрлэх зориулалттай биш болохыг харсан бүхэн шүүмжилсэн. Одоо тэдгээр машин нийлүүлэгч тус компанийнхаа агуулахад бий.

3,548.92






















































Холбоотой мэдээ