Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-ний өдөр болно. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд улс төрийн томоохон нам эвсэлүүд хэнээр удирдуулж орохоос намдаа ялалт авч ирж чадах эсэх нь тодорхойлогдоно. Орон нутгийн сонгууль болох анхан шатанд иргэд өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчийг сонгодог хариуцлагатай сонгууль юм.
Өнгөрөгч зургадугаар сарын 28-ны өдөр болсон УИХ-ын ээлжит сонгуулиар МАН-68, АН-42, ХҮН нам-8, Үндэсний эвсэл-4, ИЗНН-4 суудал авсан. Иймээс хамгийн олон санал авсан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа байгуулах эрхтэй болсон бөгөөд АН болон ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр гаргасан юм.
Дээрээ суудлаа олох гэсэн оролдлогууд хийгдэж байгаа эдгээр өдрүүдэд орон нутгийн сонгуулийн бэлтгэлдээ нам, эвслүүд аль хэдийн орж, хэн хэнийг хаана сойх талаарх яриа гарч эхэллээ.
Ямартай ч энэ удаагийн орон нутгийн сонгуульд УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН, Үндэсний эвсэл ИЗЗН-уудыг нийслэлд хэн хэн удирдаж орох талаар мэдээллийг хүргэе.
СОНГУУЛЬД ЯЛБАЛ Х.НЯМБААТАР ЗАСАГ ДАРГААР УЛИРНА

Х.Нямбаатарын хувьд нийслэлийн МАН-ын даргаар томилогдоод гурван сар орчим болж байна. Энэ хугацаанд сайн, муугаар хэлүүлэн цөөнгүй ажил хийсэн. Х.Нямбаатарын хувьд хотын асуудал шинэ зүйл биш. Дүүргийн дарга, хотын ИХТ байсны хувьд нийслэлийн асуудлыг сайн гадарлах байх. Тиймээс хичээл эхлэхтэй зэрэгцээд газар ухаад, зам засдаг байсан "уламжлал"-ыг эвдэж, ямар ч байсан зуны улирлыг ашиглаад засыг нь засч, нөхөхийг нь нөхөх ажлыг хийж буй юм.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд байсан тэрбээр намын даалгавраар давхар дээлээ тайлж, хот гэх их айлыг удирдахаар болсон нь бас учир, шалтгаантай.
Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар ногоон автобусны хэрэгт холбогдож, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон. Тиймээс түүний оронд хотын даргаар Д.Сумъяабазарын "дүү" Х.Нямбаатарыг фронт руу илгээсэн. Өөрөөр хэлбэл, улс төрийн угшлыг нь харвал Х.Нямбаатар Д.Сумъяабазарын улс төрийн "дүү", МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн "хамгаалагч" учраас хотын намаа, нийслэл гэх том айлыг хариуцуулах нь зөв сонголт байв. Ийн Хотын даргаар багагүй хугацаанд ажиллаж, УИХ-ын сонгуулийн өмнө Д.Сумъяабазараасаа Нийслэлийн МАН-ын хорооны тамгаа гардаж авч, УИХ-ын сонгуульд нийслэлд МАН ялалт байгуулсан байдаг.
Нийслэл дэх Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар хоёрын бүлэглэлийн зөрчлийг ашиглаж, дундуур нь асуудлыг өөрсдөдөө ашигтай эргүүлсэн нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр юм.
Саарал цамцаар имижээ хийсэн, хотын шинэ дарга Х.Нямбаатарын хувьд анх удаа нийслэлийн МАН-ыг удирдан сонгуульд орох гэж байна. Хэрэвзээ, тэрбээр ялалт байгуулбал нийслэлийн Засаг даргын ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Түүний хувьд хотын түгжрэлийг арилгаж, Улаанбаатарт метро тавих том амбицтай яваа юм.
НИЙСЛЭЛИЙН АН-ЫН ДАРГА Т.БАТЦОГТ ДАХИН ЯЛАГДАХ ЭРХГҮЙ

АН нийслэлд ялалт байгуулах эсэх нь Т.Батцогтоос шалтгаална. Гэхдээ тэрбээр олон нийтэд бүү хэл намдаа хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй нэгэн. Учир нь, түүнийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын баруун гар гэдэг. Тиймээс хотод АН ялбал Х.Баттулга нийслэлийг удирдах эрхийг авна гэх яриа оргүй хоосон үг биш.
Өнгөрсөн 30 гаруй жилийн түүхэндээ анх удаа 2012 онд нийслэлд ялалт байгуулж, Э.Бат-Үүл хотын даргаар ажилласан. Үндсэндээ Э.Бат-Үүлээс илүү сайн ажилласан хотын дарга өнөөдөртөө алга л байна.
Т.Батцогтын нь нийслэлийн АН-ын даргаар сонгогдсон хэдий ч УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвшиж ялагдал хүлээсэн нь жирийн гишүүд, дэмжигчдийнхээ дургүйцлийг түрүүлсэн. Цаашлаад нийслэлийн Ардчилсан намын даргын албан тушаалыг үргэлжлүүлэн хаших ёс зүй, манлайлал түүнд байхгүй, тиймээс огцрох ёстой гэх шүүмжлэл ч гарч байлаа.
Сонгуулиас хойш таг чиг "бүгсэн" Т.Батцогт хэзээ ажлаа хийхийг намын нөхөд нь хүлээж суугаа гэх. Нийслэлийн АН-ын даргын хувьд Т.Батцогт УИХ-ын сонгуульд хотын тойргуудад өрсөлдсөн намын нөхөддөө дэмжлэг үзүүлэн ажиллах ёстой гол хүн. Гэтэл өөрөө нэр дэвшиж, тойргоосоо ч гарч чадаагүй. Ганц дүүргээс гарч ирж чадаагүй хүн хотод АН-ыг ялуулж чадна гэдэг эргэлзээтэй. Тэр тусмаа МАН-ын хамтарсан засагт ажиллаж байгаа АН орон нутгийн сонгуульд ялах хэмжээний улс төр хийж чадах уу гэдэг нь асуултын тэмдэг юм.
Э.ЗОЛЗАЯА НИТХ ДАХЬ ТООГОО НЭМЖ ЧАДАХ УУ?

2020 оны НИТХ-д ХҮН намаас гурван төлөөлөгч сонгогдсон. Тэгэхээр энэ жилийн сонгуульд ХҮН нам гурван суудлаа нэмэх хүсэлтэй байгаа байх. ХҮН намын нийслэлийн намын хорооны даргын сунгаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болж Э.Золзаяа сонгогдсон юм. Э.Золзаяа нь өмнө нь Нийслэлийн байгаль орчин, уур амьсгалын бодлого, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр Азийн хөгжлийн банкинд төслийн удирдагчаар, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, ИКЛЕЙ олон улсын хотуудын сүлжээний Монгол дахь зөвлөх, НҮБ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт зөвлөхөөр ажиллаж байсан хотын хөгжил, бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн юм.
ХҮН намын нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяагийн хувьд энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлж өрсөлдөх нь түүний гол тактик гэдгийг ч хэлсэн байна. Ирэх сонгуулийн үр дүнд НИТХ дахь намын гишүүдийн тоогоо нэмж чадах эсэхийг харах л үлдлээ. Гэхдээ ХҮН намын хувьд Х.Нямбаатартай ана, мана үзэлцэж ялалт байгуулж чадах нь юу бол. Т.Доржханд, П.Наранбаяр хоёр МАН-аас албан тушаалаар шагнуулж, амаа хамхичихсан, энэ тохиолдолд Э.Золзаяа ганцаараа ялалт байгуулах ямар ч боломж харагдахгүй байна.
НИТХ-Д ШИНЭ НАМЫН ТӨЛӨӨЛӨЛ БАГТАХ УУ?

Улстөрийн ертөнцөд хамгийн отгон улстөрийн эвсэл болсон нь Үндэсний эвсэл. Хэдийгээр улс төрд орж ирсэн дарааллаараа сүүл мушгиж байгаа ч тус эвсэлийг тэргүүлж байгаа Н.Номтобаярын хувьд туршлагатай улстөрч. УИХ-ын 126 гишүүнээс бүрдэж байгаа парламентад анх удаа сонгуульд оролцсон тус эвсэлээс УИХ-д дөрвөн төлөөлөл багтсан. Тиймээс орон нутгийн сонгуултд өрсөлдөх нам эвсэлийн хувьд хүчтэй өрсөлдөгч байх нь тодорхой. Тиймээс Нийслэлийн "Үндэсний эвсэл” -ийг М.Төмөр гэх хуульч, эрх зүйч залуу тэргүүлж оролцохоо мэдэгдсэн. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд "Иргэн баян бол хот баян" мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх салбар бүрийн өндөр боловсролтой, туршлагатай, чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнийг өрсөлдүүлэхээ Үндэсний эвсэлээс мэдэгдээд байна. Тэд хотод тулгамдаж байгаа иргэдийн амьдрах орчин, орон сууц, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлсэн, дэлхийн хөгжингүй хотуудын удирдлага, төлөвлөлтийн туршлагыг нийслэл хотод нутагшуулж хотыг судалгаа, төлөвлөгөөнд тулгуурлан хөгжүүлэх зорилт тавьсан аж. Ямартай ч энэ удаагийн сонгуулийн үр дүнд НИТХ-д шинэ намын төлөөлөл багтах эсэхийг харах л үлдлээ.
УИХ-Д СУУДАЛТАЙ БОЛСОН ИЗНН НИТХ-Д СУУДАЛТАЙ БОЛЖ ЧАДАХ УУ
УИХ-д тойргоос бус намын дэмжлэгээр суудалтай болсон нам бол Иргэний зориг ногоон нам. Тус намын хувьд энэ удаагийн орон нутгийн сонгуульд дангаараа оролцохоор болжээ. Ингэхдээ нийслэлийн намын хороог хэн удирдаж сонгуульд өрсөлдөх талаарх хурлаа удахгүй товлохоор болжээ. Энэ хурлаараа нийслэлийн намын хорооны даргаа сольж, намын дарга Б.Батбаатар нь өөрөө сонгуулиа удирдаж орохоор ярилцсан гэнэ. Саяхан тус нам дүүргийн намын хорооны тэргүүлэгчид, Ахмад болон Эмэгтэйчүүдийн холбоо нь бүтэц удирдлагаа сольсон байна. Тиймээс удахгүй намын их хурлаа зарлаж, нийслэлийн намын хорооны дарга болон орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох, дэвшүүлэх мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдээ тодруулахаар зэхэж байгаа гэнэ. ИЗНН-ын нийслэлийн намын хорооны даргаар н.Болдбаатар ажилладаг ч их хурлаараа түүнийг солихоор яригдаж байгаа гэнэ.
3,595.38






















































Холбоотой мэдээ