"Тавантолгой түлш": Шахмал түлшний 50 хувийг нөөцөлжээ

Хуучирсан мэдээ: 2024.08.09-нд нийтлэгдсэн

"Тавантолгой түлш": Шахмал түлшний 50 хувийг нөөцөлжээ

"Тавантолгой түлш": Шахмал түлшний 50 хувийг нөөцөлжээ

Урин дулааны үе дуусч, нийслэлчүүд хүйтэн, сэрүүний улиралдаа бэлдэх цаг боллоо. Есдүгээр сарын дунд үеэс галлагааны буюу халаалтын улирал албан ёсоор эхэлнэ. Энэ үеэр нийслэлд худалдаалагдах  шахмал түлшний нөөц, чанарын асуудал хэрхэн хангагдсан талаар "Тавантолгой түлш" ХХК-аас тодрууллаа.


Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” 100 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн /2024.08.09/ байдлаар 50 мянган тонн түлшний нөөцийг бүрдүүлжээ. Наймдугаар сарын 1-ээс үйлдвэрүүд ажиллаж эхэлжээ. Нийслэл хотод 2019 оноос сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Албаныхны зүгээс жилийн жилд шахмал түлшний чанар стандартыг сайжруулсаар байгаа гэдэг ч иргэдийн зүгээс шахмал түлшний чанар, аюулгүй байдалд эргэлзсэн хэвээр байгаа билээ.

"Тавантолгой түлш"  компани ШУТИС, МУИС-тай хамтран шахмал түлшний чанарыг сайжруулах судалгааг хийх ажлын хэсэг гарган ажиллажээ.

Тус компанийн үйлдвэрлэдэг шахмал түлшний найрлагын 20-30 хувьд нь барьцалдуулагч түүхий эд оруулдаг байна. Тэгвэл энэхүү барьцалдуулагч бодисын 50 хувийг дотоодоос, үлдсэн 50 хувийг БНХАУ-аас импортоор авдаг аж.

Шахмал түлшний шаталтаас гарах хүхэрлэг хийн стандарт хэмжээ 1200 микрограмм метр куб байх ёстой гэж үздэг. Харин одоогийн түлш дэх хүхрийн хэмжээ 600 микрограмм метр куб буюу 50 хүртэл хувиар буурсан байгаа нь стандарт үзүүлэлт аж.  "Тавантолгой түлш" компани  "Бид Монгол Улсад дагаж мөрдөгддөг стандарт шаардлагын дагуу ажилладаг" гэх хариулт өглөө.

Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш буюу 2019 оноос хойш 2023 оны эхний зургаан сар хүртэлх хугацаанд 147 хүн угаартаж нас барсан. Энэ өвөл ч мөн энэ асуудал хөндөгдөх нь гарцаагүй. Уг асуудалд "Тавантолгой түлш" ХХК-ийн зүгээс "Угаартах бол хувь хүний хариуцлагын асуудал. Түлш муу учраас угаартаад байгаа асуудал биш. Тиймээс иргэд хариуцлагатай байж галлагааны улирлаас өмнө яндангаа хөөлөх гэх мэт арга хэмжээг авах шаардлагатай" гэв.

Өнгөрсөн жил нийслэлийн долоон дүүрэгт 650 шахмал түлш борлуулах цэг ажилласан. Шахмал түлш борлуулах цэгийг иргэдээс хүсэлт авч сонгон шалгаруулдаг байна. Хавар бүр шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн гэрээг дуусгавар болгодог. Харин хариуцлагатай сайн ажилласан иргэдтэй дахин гэрээ байгуулдаг гэнэ. Энэ жилийн хувьд наймдугаар сарын 15-наас цахимаар шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг бүртгэж, есдүгээр сарын 15-наас шахмал түлшийг худалдаж эхэлнэ. Энэ өвөл шахмал нүүрсний борлуулалт тасалдахгүй, нөөц хангалттай байгааг "Тавантолгой түлш" ХХК-аас хэллээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж