Заавал биелүүлэх ёстой амлалт…

Хуучирсан мэдээ: 2024.08.09-нд нийтлэгдсэн

Заавал биелүүлэх ёстой амлалт…

Заавал биелүүлэх ёстой амлалт…

МАН засгийн эрхийг үргэлжлүүлэх 12 жил барихаар болов. Ингэхдээ урьдын адил үнэмлэхүй олонх болоогүй болохоор хүчтэй сөрөг хүчин байлгахгүйн тулд АН, ХҮН-д санал тавьж, нөгөөдүүл нь ч дуртай нь аргагүй "өвөрт" нь оржээ. Энэ өдрүүдэд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахаар ид ажилдаа оржээ. "Сэргэлт" гэх үгээр чимэг хийсэн нь тэднийг өнгөрсөн хугацаанд уналт болгосныг хэлээд өгөх шиг.  Эрх баригчид чихэн дээр цэцэг ургуулсан амлалтаа өөрсдөө 80 гаруй хувьтай биелсэн талаар өөрсдөө ч, аудитаар ч  дүгнүүлсэн. Тэд зүтгэсэн үү, хамтдаа хөлжсөн үү? Баялагтаа эзэн сууна гэсэн яалаа? гэх асуултад иргэд өөдтэй хариулахгүй л болов уу?

"Монгол төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, зохистой түвшинг хадгална" гэсэн. Монголбанкны ханшаар 2016 оны 5-р сард ам.доллар 2005 төгрөг байсан бол 2020 оны 5-р сард 2797 төгрөг, 2024 онд 3400 төгрөгийн ханштай болов. "БИД өрийн дарамтыг бууруулж, эдийн засгаа сэргээн босгоно" гэсэн. Өр нэмэгдсэн, нийт гадаад өр  30,461 тэрбум ам.долларт хүрч,  монголын шинэ иргэн бүр 34 сая төгрөгийн өртэй төрж байна.

"1.1.2. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна." гэсэн. Өнөөдөр ядуурал яаж нэмэгдсэнийг бидний амьдрал бэлхнээ харуулаад өгнө.  Өрхийн сарын орлогыг 2 дахин нэмэгдүүлнэ, зээлийн хүүг нэг хувьд хүргэнэ, татвар нэмэхгүй  гэхчилэн онхолдтол амласан ч татвараа нэмсэн. Өнөөдөр шударгаар хөдөлмөрлөн, татвараа төлж буй хүн болгон орлогынхоо 40 орчим хувийг татварлуулдаг бол үлдсэнийг нь инфляцад идүүлж байна.

Төсөв өсөхийн хэрээр иргэдийн нуруун дээр ачаа болж, эрх баригчдын идэж, уух нь нэмэгдэж, өр таазанд тулах аж.

Засгийн газар мөрийн хөтөлбөрөө боловсруулж буй энэ үед заавал тусгуулж, хэрэгжүүлэх ёстой нэг гоё амлалт бий. Тэр нь дараах заалт юм.

Зүүний үзэлтэй нам гэхэд баруунтнуудыг ч баруун талаар нь гүйцэж түрүүлэхүйц энэхүү амлалтыг хэрэгжүүлбэл төсвийг багасгана. Төсвийн багасгахаар төрийн албан тушаалтнууд элдэв арга саамаар хулгай хийх боломж гарахгүй. Хэрэггүй урсгал зардал танагдана. Хотод сургууль хүрэлцэхгүй байхад хөдөөгийн суманд хоёр соёлын ордон барихгүй болно. Ингэж чадвал иргэд л хожих төдийгүй элдэв төсөл хөтөлбөрөөр дарга анги "даам" гарахгүй. Ажиллах хүчний 1/4-ийг нь өөртөө төвлөрүүлээд буй данхар төр жинхэнэ утгаараа цомхон болох үндэс бүрдэнэ.

Тиймээс хамгийн түрүүнд "Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна" гэсэн энэхүү амлалтыг тусгах ёстой. Ингэж байж байнга орлогоосоо зарлага нь хэтэрсэн төсөв батлахгүй. Ингэж байж гадаад өр нэмэгдэхгүй. Ингэж байж иргэдийн нуруун дээр үүрүүлсэн ачаа дундарна.

Тиймээс л заавал биелүүлэх ёстойг сануулж, шаардах ёстой. Түүнээс хүслийн жагсаалтаа бичсэн мөрийн хөтөлбөрүүдээ нэгтгэвэл дахиад уналт үргэлжилнэ. Сонгуулийн өмнө хийсэн "Шинэ хоршоо" хөтөлбөрийн үнэ царай хөдөөд портер, приус болчихсон, малчны гадаа сойлттой байна. Нэгнийх нь халаасыг сэгсэрч нөгөөг нь тансаглуулдаг энэ мэт хөтөлбөрийг даруй зогсоож, амьдралд хэрэгтэй амлалтаа биелүүлэх нь чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж