Сошиал медиагийн эрин үед өсч буй Gen Z үеийнхэн илүү энтрепренерлэг сэтгэлгээгээрээ бусад үеийнхнээс ялгаатай. Тиймээс улс төр болоод бусад ажлын талбарт хамгийн эрт "бойжино" гэх судалгаа бий. Ингээд Монголын улс төрд хүч түрэн орж ирсэн Gen Z үеийн төлөөллүүдийг онцолж байна.
ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ РЕППЕР Б.ГАНТУЛГА
Ерөнхий сайдын залуучуудын асуудал хариуцсан зөвлөхөөр залуусын дунд Сексцагаанбогд гэх нэрээрээ нийгэмд танигдсан Б.Гантулга ажиллахаар болсон. Урлагийн салбараас карьераа эхэлсэн хэдий ч улс төрийн салбарт хүч түрэн орж ирсэнд нь толгой сэгсрэх хүн олон бий. Гэвч Gen Z-чүүд угаас асар амбицтай, мөнгө, нэр алдарт багагүй ач холбогдол өгдөг үеийнхэн. Б.Гантулга фейсбүүкт 68 мянга, инстаграмд 74 мянга 600-н дагагчтай.
Түүнийг реппер, философич, багш, орчуулагч, лектор, комедиан, контент бүтээгч гэж тодорхойлж байсан цаг саяхан. Харин одоо их улс төрд МАН-ын тэр тусмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тусламжийг авахыг илүүд үзжээ.
Тиймээс УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ыг ил цагаан дэмжсэн нь залуучуудад таалагдаагүй. "МАН-д сүнсээ худалдахгүй" гэж дуулж явсан залуу эсрэгээрээ МАН-д үзэл бодлоо худалдсанд олон нийт эгдүүцэж, цахим орчны буллид багагүй өртсөн юм.
Сексцагаанбогд МАН-ыг дэмжихээсээ өмнө АН-ыг, ардчиллыг дэмжиж явсан байдаг. Гэвч, АН хүссэн мөнгө, албан тушаалыг нь өгөөгүй юу эсвэл үнэхээр үзэл бодолдоо төөрөлдөж явсан болохоо ойлгосон уу, гэнэт нэг өдөр МАН руу урвасан. Түүний урвалтын ард ашиг сонирхол байна гэсэн хардлага ч оргүй биш байжээ. Ямар ч байсан "МАН-д сүнсээ худалдсан"-ыхаа ачаар албан тушаалтай болсон түүний хүсэл зөвлөхөөр хязгаарлагдахгүй биз. Улстөрч болох хүсэл сонирхолтой тэрбээр магадгүй ирэх сонгуульд өрсөлдөх том амбицтай ч байж мэднэ.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЦЭНГҮҮН
Тангаргаа өргөсний дараа амтай болгон түүнийг магтсан. Парламент дотроо хамгийн залуу бас царайлаг гэгдэж буй тэрбээр АН-ын жагсаалтын 4-т бичигдсэн нь нийгмийн дуулиан болсон юм. Ердөө хоёр жилийн өмнө МАН-тай хамтарч, олон нийтийн сүлжээнд магтан дуулж явсан бүсгүй АН-д элссэн төдийгүй бүр листэнд, айргийн тавд бичигдсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй үйл явдал мөн үү мөн. Насаараа намдаа үйлчилж, намынхаа ялалт, ялагдал болгонд хамтдаа явсан АН-ын бусад эмэгтэйчүүдийн хувьд "хуваарилалт нь шог" санагдсан нь гарцаагүй. УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа хүртэл түүнтэй барьсан нь буруутгах аргагүй үндэслэл юм. Тиймээс түүнийг "хэний хүн бэ" гэсэн асуулт, хардлага дагалдсан.
Нийгэмд үүссэн хардлагад АН-ын дарга Л.Гантөмөр "УИХ-д залуучуудын төлөөлөл байх ёстой гэсний үндсэн дээр жагсаалтад оруулсан" гэж хариулт өгч байлаа. Тэрбээр Монгол Улсын парламент дахь Gen Z үеийн ганц төлөөлөл.
2017 онд ШУТИС-ийг маркетинг, бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр, 2022 онд СЭЗИС-ийг магистраар төгссөн, өдгөө 27 настай. С.Цэнгүүн фейсбүүкт 24 мянган дагагчтай. Тэрбээр "Атмор" компанийн ТУЗ-ийн дарга. Тус компани төрийн тендертэй олон төсөл хэрэгжүүлж иржээ. Түүний аав С.Саруулсайхан нь улстөрчидтэй ойр, бизнесийн хүн аж. УИХ-ын гишүүн болсныхоо дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа эрчим хүчний реформ хийх бодолтой байгаагаа ярьсан. Мөн компанийн дампуурлын тухай мэдээлэл хийсэн нь шүүмжлэл дагуулж, олон нийтийн сүлжээнд түүнийг сурч, боловсрох, толгойдоо мэдээлэл хийхийг зөвлөсөн хүмүүс олон харагдсан. Гар утасны хэрэгт сэжиглэгдсэн 21 настай залуу цагдаа нарт зодуулж амиа алдсан гэх асуудалд байр сууриа буруу илэрхийлсэн нь мөн л шүүмжлэлийн бай болгосон юм. Камерын өмнө харагдах дуртай гэж түүнийг харах нэгэн байхад "поп" улстөрчдийн жагсаалтад орох вий гэж эмзэглэх нэгэн ч байв.
ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР
Улаанбаатар гэх том айлын Ерөнхий архитектороор томилогдсон Ч.Төгсдэлгэр гэж бүсгүй олны анхаарлын төвд орж ирлээ. Үе, үеийн Ерөнхий архитектороор дандаа эрчүүд, тэр тусмаа нас тогтсон хүмүүс томилогдож байсан бол анх удаа эмэгтэй хүн, тэр тусмаа Gen Z үеийн залуу бүсгүй томилогдсон нь мэдээж сонирхолтой томилгоо гэдэг нь ойлгомжтой. Тиймээс Ч.Төгсдэлгэр гэж хэн бэ гэсэн "эрэл, хайгуул" хэдийнэ эхэлсэн. Тэрбээр "Шинэ Монгол" бүрэн дунд сургуулийг төгсөж, улмаар Ёокохамагийн Үндэсний их сургуульд магистр болон докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр, хот төлөвлөгч болон хотын нийтийн тээврийн чиглэлийн судлаач агаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан туршлагатай. Хамгийн сүүлд Токио хот дахь Дэлхийн банкинд хот төлөвлөлтийн зөвлөхөөр ажиллаж байгаад эх орондоо ирсэн нь энэ юм.
Тэрбээр өөрийн мэргэжлээс гадна ном унших, ном орчуулах сонирхолтой. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх "Монротой өнгөрүүлсэн Мягмар гараг" номыг орчуулсан.
АН-ЫН ГАДААД ХАРИЛЦАА ХАРИУЦСАН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЭНХДӨЛГӨӨН
АН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Б.Энхдөлгөөнийг УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн охин болохыг тэр бүр хүн мэдэхгүй байх. Түүний аав П.Баяндүүрэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажилладаг. Б.Энхдөлгөөн Колумбын их сургуулийг олон улсын харилцааны чиглэлээр төгсжээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм байна. С.Цэнгүүнтэй хамт нэг өдөр АН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон түүнийг асуудалд нухацтай ханддаг, яваандаа ээжээсээ илүү улстөрч болж мэдэхээр бүсгүй гэж АН-ын дүгнэдэг.
УИХ-ын сонгуулиар баруун бүсэд нэр дэвшсэн ээжийнхээ менежерээр ажилласан. Тойрогт өрсөлдөх талаар тодорхой туршлага хуримтлуулсан нь магадгүй дараа, дараагийн удаа түүнд хэрэг болохыг ч үгүйсгэхгүй. Царайлаг, мэдлэг боловсролтой, даруухан бүсгүй дараагийн сонгуульд нэр дэвших нь баараггүй байх.
Холбоотой мэдээ