Парисын олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -50 кг-ын жинд Энэтхэгийн тамирчин Винеш Пхогат өчигдөр/2024.08.06/ шуугиан тарьж, анхаарлын төвд орсон. Тэрбээр эхний тойрогтоо Японы алдарт бөх, ялагдал гээчийг мартаад байсан, олимп, дэлхийн аварга Юи Сүсакиг ялсан билээ. Улмаар Украины Оксана Ливачийг, Кубын Юснелис Гузман нарыг ялж, финалд шалгараад байгаа юм. Тэгвэл өнөөдөр тун харамсалтай мэдээ гарлаа. Учир нь Винеш Пхогат өнөөдөр жиндээ орж чадаагүй гэнэ.
АНУ-ын Сара Хилдебрандт өрсөлдөгчгүй алтан медалийн эзэн болж байна.
Энэтхэгийн олимпийн хорооны мэдэгдэлд "Энэтхэгийн чөлөөт бөхийн багийн тамирчин Винеш Пхогатыг эмэгтэйчүүдийн -50 кг-ын тэмцээнээс хассан гэдэг мэдээг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Багийнхан шөнөжин хичээсэн ч өнөө өглөө түүний жин 50 кг-аас хэдхэн грамм илүү байлаа. Одоогоор нэмэлт тайлбарыг ирүүлээгүй байна. Та бүхнээс Винешийн хувийн орон зайг хүндэтгэхийг хүсч байна" гэжээ.

Винеш Пхогат жингээсээ 100 гаруй грамм илүү байсан нь хасах шалтгаан болжээ. Тэмцээний дүрмийн дагуу Винеш Пхогат мөнгөн медаль ч авахгүй аж. Тиймээс алт болон хүрэл медалийн эзэд шагналаа авна.
Дүрмийн дагуу тамирчид барилдах өдөр бүртээ жиндээ орсон байх ёстой аж. Винеш Пхогат эхний өдөр жиндээ орсон ч өнөөдөр чадсангүй. Тэрбээр шөнөжин гүйж, дугуй унаж, дасгал хийсэн ч жиндээ ороогүй гэв. Энэтхэгийнхэн зохион байгуулагчдаас дахин хугацаа өгөхийг гуйсан ч амжилтад хүрсэнгүй.
Хэрэв Винеш Пхогат финалд Сарагийн эсрэг барилдсан бол алтан медаль хүртэх боломжтой байсан гэж энэтхэгчүүд үзэж байна. Учир нь хоёр тамирчны өмнөх учраануудад Винеш илүүрхсэн амжилттай.
Д.Отгонжаргалтай өчигдөр барилдах байсан Италийн тамирчин мөн жиндээ орж чадаагүйн улмаас хасагдсан билээ.
3,548.92





















































Холбоотой мэдээ