“Ахлах ангийн хүүхдийн форум хэд вэ, салгаж зарах уу. Зургаан настай хүүхдэд хэдэн размерын цамц таарах вэ?" гэж асуух зуураа эргүүлж тойруулж үзэн, хүүхдэдээ өмсүүлж таарч байгаа эсэхийг нь харж буй эцэг эхчүүд олон. Энэ мэт хүүхдүүдээ дагуулсан хүмүүс хичээлийн хэрэгслийн үнэ ханш судлан зарим нь худалдан авалт хийж байлаа. Энэ бол Улсын их дэлгүүрийн урд талын задгай талбайд, хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа болж буй газар.

“Өүлэн” монголд үйлдвэрлэв гэсэн анонс хаяг бүхий урт, улбар шар лангууны ард тавиур дээр сурагчийн өмд, цамц, охидын сарафан, хүрэм, юпка зэргийг нямбайлан өржээ. Тэнд сурагчийн дүрэмт хувцас үзэж буй олон хүн байсангүй. Нэгдүгээр ангид орох гэж байгаа болов уу гэмээр жижигхэн хүү ээжийнхээ хажууд зогсоно. Ээж нь нэгдүгээр ангийн хүүхдийн дүрэмт хувцасны үнэ асуун хүүдээ өмсгөж үзэв. Ээж хүү хоёрын /хүрэм, цэнхэр цамц, өмд зангиа/ авсан иж бүрэн дүрэмт хувцас 158 мянган төгрөг болжээ. Мөн дөрөвдүгээр ангийн охиндоо сарафан, цэнхэр цамц зангиа авав. Энэ бүгд 111 мянган төгрөг болсон байна. Тэрбээр "Формыг нь томхон авлаа, дор хаяж гурван жил өмсчих байх. Эгчтэй болохоор хүүдээ шинэ хувцас авч байгаа минь энэ. Эгч нь одоо дөрөвдүгээр анги формыг нь шинэчилж өгч байна" гэв. Хоёр бага ангийн хүүхдэд форм иж бүрнээр нь авахад 270 орчим мянган төгрөг боллоо. Одоо хичээлийн хэрэгслийг нь бэлдэнэ гэсээр формын асраас гарав. Бид ээж хүү хоёрыг дагаж бичиг хэрэгслийн асруудад очлоо. Тэнд ч мөн хөл хөдөлгөөн бага байсан юм. Үзэсгэлэн гараад удаагүй, хүмүүсийн амралт дуусаагүй байгаа болохоор хөдөлгөөн бага байна. Наймдугаар сарын 10-наас хойшоо ид бужигнадаг хэмээн худалдагч эмэгтэй ярив. Б.Гэрэлцэцэг хүүдээ 12 хуудастай тоо, монгол хэлний дэвтэр тус бүр 10,10 ширхэг, баллуур, харандаа, үзэг, зургийн дэвтэр, өнгийн харандаа, өнгийн цаас, хайч, хавтас, үзүүрлэгч, үзгийн гэр, баримлын шавар зэрэг хичээлийн хэрэгсэл авахад 28500 төгрөг болов.

Ээж хүү хоёр цүнхээ авах дутуу байсан тул цүнх зарж буй лангуун дээр очив. Тус лангууд цүнх 45-110 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Өөр нэг лангуунд бага ангийн сурагчийн цүнх 50-250 мянган төгрөгийн ханштай байсан юм. Хүмүүс ихэвчлэн 50-85 мянган төгрөгийн хооронд цүнх авч байна. Удаан эдэлгээ, хөнгөн зэргийг нь бодож 250 мянган төгрөгийн цүнх авч буй хүмүүс бий хэмээн худалдагч бүсгүй хэлсэн юм.

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛ, АХУЙН ХЭРЭГСЭЛ БАГЦААРАА 70-115 МЯНГАН ТӨГРӨГ
“Шидэт шогол” бичгийн хэрэгслийн дэлгүүрийг үүсгэн байгуулагч Г.Амаржаргал, уг бичиг хэргийн үзэсгэлэн худалдаанд хоёр дах жилдээ оролцож байгаа ажээ. Эдний дэлгүүрийн хувьд сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн болон ахуйн хэрэгслийг багц болгон худалддаг аж.
Тухайлбал цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл 23-28 мянган төгрөг болно харин ахуйн хэрэгсэлтэйгээ нийлээд 70 орчим мянган төгрөг болдог. Дунд бүлгийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл 30-35 мянган төгрөг болох ба ахуйн хэрэгсэл нэмбэл багцаараа 80 орчим мянган төгрөг болдог гэв.
Цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл ойролцоогоор 70 мянган төгрөг харин саван, угаалгын нунтаг, гарын шингэн саван, ОО сойз, 00 цаас зэрэг ахуйн хэрэгсэлтэйгээ нийлээд багцын үнэ нь 110-115 мянган төгрөг болдог гэлээ.
Сургууль цэцэрлэг эхлэх үеэр түгжрэл нэмэгддэг учир тус дэлгүүр сургууль, цэцэрлэгийн хүүхдийн багцдаа хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг байна.
Хичээлийн шинэ жилийг угтан сурагч, оюутан, эцэг, эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, шаардлагатай бусад хэрэгслийг нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг наймдугаар 1-нээс эхлэн наймдугаар сарыг дуустал 15 байршилд зохион байгуулж байгаа аж.

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС 110-277 МЯНГАН ТӨГРӨГ ГЭЖ БАЙВ
Сурагчийн дүрэмт хувцас харилцан адилгүй үнэтэй байв. Шилмэл загвар ХХК-ний бага ангийн эмэгтэй дүрэмт хувцас:
- Сарафан-78.000,
- цэнхэр цамц-35.000,
- зангиа-6000 төгрөгийн үнэтэй багцаараа 119 мянган төгрөг гэж байсан бол
Бага ангийн эрэгтэй дүрэмт хувцас
- Хүрэм-78.000,
- өмд-49.000, цамц-35.000,
- зангиа- 6000 төгрөг иж бүрнээрээ 168 мянган төгрөг буюу дотоодын үйлдвэрүүдээс хамгийн үнэтэй нь байв.
Дунд ангийн эрэгтэй дүрэмт хувцас иж бүрнээрээ /хүрэм, өмд, цамц, зангиа/ 202 мянган төгрөг бол эмэгтэй дүрэмт хувцас /хүрэм, юпка, цамц, зангиа/ 198 мянган төгрөгийн үнэтэй байсан юм.
Ахлах ангийн дүрэмт хувцас багцаараа эрэгтэй 234 мянга төгрөг, эмэгтэй 277 мянган төгрөгийн үнэтэй байх аж.
Торгон хийц ХХК-ний дүрэмт хувцасны үнэ “Шилмэл загвар” үйлдвэрийнхтэй ижил үнэтэй байсан юм. Харин Батзүү, Төмөр трейд зэрэг үйлдвэрүүдийн өмд цамц, хүрэм, юпка тус бүр нь үнэ 2000-11000 төгрөгөөр хямд байх ажээ. Багцын үнийн хувьд 20 орчим мянган төгрөгийн зөрүүтэй худалдаж байна.
Худалдаа эрхлэгчид дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн жилийнхтэй ижил үнэтэй буюу үнэ нэмэгдээгүй гэдгийг хэлэв.
Уг үзэсгэлэн худалдаанд сурагчийн дүрэмт хувцас, бичиг хэрэгсэл, цүнх байхаас гадна сурагчид ангидаа, дүрэмт хувцас доогуураа өмсөж болох хөнгөн чийг татахгүй орос эрэгтэй, эмэгтэй ботинк зарж байв. Мөн бага ангийн хүүхдийн биеийн тамирын хослол, охидын трико, цамц дотуураа өмсөх цагаан майк, цэцэрлэгийн хүүхдийн унтлагын хувцас гээд хичээлд хэрэг болох бараа бүтээгдэхүүн өнгө загварын өргөн сонголтой байна.
3,595.38






















































Холбоотой мэдээ