Сан Маринод энэ амралтын өдрөөр

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Сан Маринод энэ амралтын өдрөөр

Сан Маринод өчигдөр Moto GP ангиллынхан хүрэлцэн ирлээ. Мотоциклийн тойрог замын шилдэг уралдааны дэлхийн аваргын ээлжит гран-при энэ амралтын өдрүүдээр болох учраас ирж байгаа нь энэ билээ. Нийлбэр дүнг тэргүүлж байгаа Лорензо өөрийн оноогоо ахиулж, тэргүүллээ бататгахыг хүсч байгаа бол түүний ард яваа Дэни Педроса хоёр дараалсан гарааны түрүү авч, Лорензод оноогоор илүү ойртохыг хүсч байна. АНУ-д зохиогдсон гран-при уралдаанд түрүүлсэн Испани эр 68 онооны давуу байдлыг ойртуулж, эцсийн мөчид дэлхийн аваргын цомыг өөрийн болгохыг хүсч байгаа нь гарцаагүй. Ингэхийн тулд Сан Маринод тэрбээр зайлшгүй түрүүлэх шаардлагатай.
Энэ жил бүх уралдаандаа шагналын тавцанд гарч, өвөрмөц амжилтыг үзүүлж байгаа Лорензогийн уралдах дуртай замуудын нэг нь Мизано. Өнгөрсөн жил тэрбээр энэ зам дээр Валентино Россигийн ард жагсч байсан бол энэ жил тэргүүнд бичигдэхийг хүсч байна гэжээ.
Гэвч Педросагаас илүү Лорензогийн ялалтыг хулгайлах магадлалтай хүн бол Валентино Росси юм. Хоёр жил дараалан түрүүлээд байгаа Росси гурав дах түрүүгээ энэ зам дээр авах боломжтой юм. Боломжгүй байлаа ч тэр өрсөлдөгчдөө зүгээр л өөрөөс нь холдоод явахыг зөвшөөрөхгүй гэлээ.
“Өнгөрсөн хоёр жил бид гайхалтай ажилласан, хоёр гайхалтай уралдаан хийсэн. Мөн дэлхийн аваргын өрсөлдөөнд маш чухал үе, олон хөгжөөн дэмжигчидтэй уралдаануудын нэг” хэмээн Росси өгүүлжээ.
Уралдаан ням гаригт болно. Итали нисгэгч үү, эсвэл Испани нисгэгч Лорензо юу? Бүр эсвэл түүний нутаг нэгт Педроса юу?

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж