УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хүний эрх зөрчигдөж буй асуудлаар нээлттэй сонсгол хийхийг хүссэн албан хүсэлтээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд гаргах болсон талаар өнөөдөр /2024.08.05/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Эрхээ хязгаарлуулсан 21 настай залуу амь хохирсон. Хохрогчийн зүгээс өнгөрсөн нэгдүгээр сард “Цагдаа нар намайг эрүүдэн шүүсэн, хүнлэг бус харьцсан, хэрцгий харьцсан” гэдэг гомдлыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т өгсөн байгаа. АТГ энэхүү гомдлыг шалгаж байгаа. Энэ тухай асуудалд АТГ “Баянгол дүүргийн мөрдөн байцаагч нарын өрөө камергүй, тасгийнх нь давхар камергүй, камерын өнцгийг өөрчилсөн байсан. Энэ нь эрүүдэн шүүх нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж үзэж байна” гэсэн. Энэ хэргээс үүдээд Ардчилсан намын гишүүдийн зүгээс хүний эрхийн зөрчлийн асуудлаар зайлшгүй сонсгол хийх шаардлагатай гэж дүгнэсэн.
Хүний эрхийн зөрчил нь зөвхөн эрхээ хязгаарлуулсан, амь хохироод байгаа иргэнтэй холбоотой асуудал биш цэрэг армид байгаа дэглэлт, хорих ангид байгаа хүмүүсийн хүний эрхийн зөрчил, хэвлэлийн эрх чөлөөний асуудал гээд маш олон асуудал дээр хүний эрх маш ноцтойгоор зөрчигдөж байгаа учраас сонсголыг хойшлуулшгүйгээр хийх шаардлага байна гэж үсэн. Сонсгол хийх хүсэлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 20 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Тойрогтоо ажиллаагүй Улаанбаатар хотодбайгаа бүх гишүүд дэмжиж гарын үсэг зурсан.
Ардчилсан намын үзэл баримтлал бол хүний эрх, эрх чөлөө нэгдүгээрт юм. Хүн бүх талаараа эрх чөлөөтэй байж сэтгэнэ, сэднэ, ажиллана гэдэг үзэл баримтлалыг эрхэм болгодог учраас Ардчилсан нам хүний эрхийн зөрчилд эмзэг ханддаг. Сонсгол зохион байгуулахыг хүссэн хүсэлтээ УИХ ын даргад өргөн барина” гэлээ.
Г.ХОРОЛ
3,569.17















































