Эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.
-УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдлаа. Энэ удаагийн Засгийн газраас Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлд ямар хүлээлттэй байна?
-Сонгуулийн үр дүн тодорхой байсан боловч хамтарсан Засгийн газар байгууллаа. Нэгэнт хамтарсан Засгийн газар байгуулагдсан учраас МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бодлого чиглэлүүдийг нэгтгэж түүнийг хэрэгжүүлэхийн тулд нэг томоохон төсөв батлагдах байх. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ч улсын төсөвт тодотгол оруулна гэдгээ мэдэгдсэн. Тийм учраас ойрын үед Засгийн газраас УИХ-д төсвийн тодотголыг өргөн мэдүүлэх байх.
Улс төрийн намууд бие биедээ найр тавьсан, тал зассан байдалтай байгаа энэ үед татвар төлөгчдийн мөнгийг хяналтгүйгээр зарцуулах юм бол сөрөг үр дагавар ихтэй.Улс төрийн намуудын сонгуулийн үр дүнд цөөнх болсон нам эвсэл нь төсөв, нийтийн санхүүгийн зарцуулалтад хяналт тавих ёстой.
Үнэнийг хэлэхэд одоогийн нөхцөл байдалд Засгийн газарт хяналт тавих сөрөг хүчингүй болчихоод байна.
Дараа жил хамтарсан Засгийн газарт ороогүй нам, эвслийн төлөөлөл төсвийн зарцуулалтыг хянаж чадах нь уу, үгүй юу. УИХ-ын гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэн учраас хянагдахад хэцүү л байх болов уу. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ -ын гишүүдэд маргааш /өнөөдөр/ Засгийн газрын гишүүд ирж танилцуулга хийнэ гэсэн. Сонгуулийн өмнө МҮХАҮТ-аас улс төрийн нам, эвслүүдтэй тухайн үед гэрээ байгуулж байсан. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлэх хөтөлбөрт эдийн засгийн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар бизнес эрхлэгчдээс авах санал авах юм.
Ер нь бол цаашид Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хамтарсан Засгийн газраас илүүтэй “шорооны үнэ”-ээс илүү шалтгаална. Нүүрсний үнэ буух магадлалтай байна. Хоёрдугаарт, Засгийн газар дээр иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой гэхээсээ илүүтэй мөрөөдлийн төслүүдийн талаар ярьж эхэллээ. Гэтэл тухайн төслүүдийг хичнээн төгрөгөөр хэрэгжүүлэх, санхүүгийн эх үүсвэрийг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлөх юм уу, зээл авах юм уу, бонд гаргах юм уу гэх мэт хамгийн чухал зүйлс нь эргэлзээтэй хэвээр байна.
-Наадмын дараа намар гэдэг, өвлийн бэлтгэлээ хаа, хаанаа хангаж эхлэх ёстой ч найр, наадмын сар үргэлжилж байна. Өнгөрсөн жил тохиолдсон гамшиг ирэх өвөл тохиолдвол татвар төлөгчдийн мөнгийг малчин өрхүүд рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэхгүй гэх аргагүй. Энэ нь эргээд улсын төсөвт, эдийн засагт томоохон хүндрэл үүсгэдэг. Та ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөл, хаврын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, отор нүүдлийг оновчтой зохион байгуулах, энэ асуудлаар Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга нарт чиглэл өгөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт, Эрчим хүчний салбарын 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хангуулах, тулгамдаж буй асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд, зам, тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд тус тус үүрэг болгосон.
Нэгдүгээрт, салбарын сайд нар нь хариуцсан ажлаа хаа хаанаа сайн хийх нь чухал. Хоёрдугаарт, сонгуулийн өмнө эрх баригч нам 2024 оны төсөвт огт суулгаагүй төсөл хөтөлбөрүүдийг сонгуулийн өмнөхөн гаргаж ирж хэрэгжүүлсэн. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” гэх мэт…
Өөрөөр хэлбэл, зөвхөн сонгуулийн үеэр оноо авах хэрэгсэл болгож ашигласан эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой 500 тэрбум төгрөгийн төсөв хаана ч тавигдаагүй. Монголбанк дээр өр болно. Тийм учраас энэ асуудлыг хэрхэн яаж аргалахыг харж сууна. Энэ асуудлаа аргалахын тулд 2024 оны төсөвт тодотгол хийх гэж байна.
Улс төрийн оноо авахын тулд хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүд Монголбанкны өр болоод үлддэг. Хүний өөрийн аль ч нам эвсэл гэлтгүй. Тухайлбал, 2020 онд Covid-19 цар тахлыг далимдуулж ямар ч хяналтгүй маш их хэмжээний зарцуулалт хийсэн. Мөн 2016 онд "Сайн хашаа" төсөл гэх мэт… Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх нэрээр хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд байрны үнэ тэнгэрт хадаад дуусдаг. Сонгууль бүрийн дараа төв банк дээр хэдэн зуун тэрбум төгрөгийн өр үлддэг. УИХ-ын сонгуулийн дараа орон нутгийн сонгууль үргэлжилдэг.
Төсөвт суулгаагүй амлалтуудаа хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдалд орсон учраас эдгээр саналуудаа нэгтгэж тодотголдоо оруулах байх. Энэ бол байж боломгүй асуудал. Энэ асуудлыг Монголбанк сөрж зогсох ёстой боловч даанч чадахгүй л байна л даа.
-Сонгуулийн дараа улсын төсөвт заавал тодотгол оруулдаг жишиг тогтчихлоо. Тэгэхээр сонгуулийн жилийн төсөв гэдэг бол хагас жилийн настай, сонгуульд оноо авах бас нэг хэрэгсэл болчихлоо гэж дүгнэж болох уу?
-Хэрэв, Монгол Улс эдийн засгийн, санхүүгийн бие даасан институцтай байсан бол улс төрийн өөрчлөлтөөс үл хамаарч төсөв, мөнгөний бодлого нь тогтвортой хэрэгжээд явах учиртай. Гэтэл Монголд одоогоор ийм хараат бус, хүчтэй, тогтвортой институц байхгүй учраас УИХ, Засгийн газрын шийдвэрээр л өөрчлөгдөж байна. Сонгуулийн өмнө амласан тооцоо судлгаагүй амлалтуудаа татвар төлөгч бидний мөнгөөр хэрэгжүүлэх нь гэж харж байна. Сүүлийн найман жил сөрөг хүчин үүрэг, оролцоо муу байсан. Угтаа УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд АН-д хүчтэй сөрөг хүчин хийх боломж байсан боловч хамтарсан Засгийн газрын халаасанд гүйгээд орчихлоо. Тиймээс хяналт тавих сөрөг хүчин байхгүй учраас иргэд олон нийт, эрдэмтэн судлаачдын дуу хоолой ихээхэн чухал нөлөөтэй.
Магадгүй сонгуулийн дараа үүсч болзошгүй эдийн засгийн олон сөрөг үзүүлэлтийг МАН дангаараа дийлэхгүй учраас хамтарсан Засгийн газар байгуулсан байх магадлалтай. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буух таамаглалтай байна. Гэхдээ арай ч 2013 оны үе шиг тав дахин буучихгүй байх гэж найдах.
Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгжийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, макро эдийн засгийн үзүүлэлт өрх гэрийн үүд хаалгаар орох ямар ч бодлого одоогоор гаргаагүй байна. Макро эдийн засгийн үзүүлэлтийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийг хасчихвал бусад салбарын дийлэнх нь хасахтай гарч байна. Эдийн засгийн ийм уналтаас иргэд, аж ахуйн нэгжүүдээ хамгаалах ямар ч механизм алга. Ийм механизмыг бий болгох нь төрийн үүрэг. Түүнээс биш нүүрс, уул уурхайн салбараас нэгэнт ороод ирчихсэн орлогыг дахин хуваарилах нь тийм ч сонирхолтой ажил биш. Тиймээс уналтын үед зориулсан бодлого боловсруулах байх гэсэн хүлээлттэй байсан боловч ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, хүч зарцуулах ажлууд төлөвлөж байна. Би лав мөнгөний эх үүсвэр олж харахгүй байна.
-Эдийн засаг идэвхждэг учраас намрын улиралд инфляци тодорхой хувиар өсдөг. Энэ жил сонгуулийн жил тохиосон учраас үнийн хөөрөгдөл илүүтэй мэдрэг байх болов уу?
-Сонгуулийн жилийг угтаж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг Монголбанкнаас мөнгө хэвлэж тарааж хэрэгжүүлсэн бол хүссэн ч хүсээгүй ч ирэх есдүгээр сард үнийн хөөрөгдөл бий болно.
3,602.33






















































Холбоотой мэдээ