Монголчуудын өв соёлын “Даншиг наадам- Хүрээ цам” 2024 наадам Хүй долоон худагт өнгөрөгч амралтын өдрүүдэд өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Анх 1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээн Занабазарыг Жавзандарнатын хувилгаанд өргөмжлөж, бат оршил өргөх наадам болсноор энэхүү наадмын түүх эхэлдэг. Хожим 2015 оноос Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Гандантэгчинлэн хийд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран энэхүү наадмыг зохион байгуулах болсон юм. Энэ жилийн Даншиг наадам нь нийт монгол туургатны соёлыг сурталчлан таниулах, жуулчдыг татах зорилго тавив.
МОРИНДОО ХАЙРТАЙ МОНГОЛ ТҮМЭН
Даншиг наадмыг Хүй долоон худагт зохион байгуулсан нь хурдан морины уралдаан болсонтой холбоотой. Тус наадамд жороо морь, хязаалан, их насны морьдын уралдаан болж хуран цугларсан наадамчин олны цөсийг хөөргөж, цусыг булиглуулав. Их насны морьдын уралдааны түрүү магнайд Төв аймгийн Аргалант сумын аймгийн алдарт уяач Д.Батаагийн 300 дугаартай Д.Мөнхбаярын унасан цавьдар морь, аман хүзүүнд Увс аймгийн Цагаанхайрхан сумын уяач Ч.Нямдэлэгийн 1 дугаартай Ц.Билгүүний унасан хээр морь орсон юм. Гуравт, Ховд аймгийн Дарви сумын уяач Ү.Атарсайханы 33 дугаартай Б.Даш-Өлзийгийн унасан хонгор халзан, дөрөвт, Төв аймгийн Баянцагаан сумын уяач Н.Пүрэвдоржийн 98 дугаартай Э.Дөлгөөний унасан хээр алаг морь, айргийн тавд Завхан аймгийн Шилүүстэй сумын уяач Д.Алтангэрэлийн 100 дугаартай Г.Билэгтийн унасан бор морь хурдалсан юм.
Наадамчин олны уухайн түрлэг, баярын уур амьсгалаас монголчууд мориндоо хайртай, морио дээдэлдэг ард түмэн гэдгийг харж болохоор байлаа. Даншиг наадмыг зорин ирсэн гадаадын жуулчдын олонхи нь хурдан морины барианы зурваст цугларч Монгол түмэнтэй хамт халууныг ажралгүй наадлаа.
Харин Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглосон бол Буриад бөхийн төрлөөр 64, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдаан боллоо.
Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд улсын заан С.Сүхбат найман даван түрүүлж, даншигийн арслан цол хүртсэн бол аймгийн арслан Г.Мөнхбаяр долоо даван үзүүрлэж, даншигийн заан болов. Их шөвөгт улсын начин Э.Батмагнай болон аймгийн арслан С.Цогтбаатар үлдэж, даншигийн өсөх идэр начин цолыг хангасан юм.
Мөн наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, балин урлал, унзад, голч нарын тэмцээн болж Очирваанийн тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээг зохион байгууллаа.
ОБЕГ, ЦЕГ ХАМТРАН АЖИЛЛАВ
Даншиг наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн алба хаагч нар хамтран ажиллалаа. Наадмын үеэр ноцтой осол, гэмт хэргийн шинжтэй зөрчил бүртгэгдээгүй гэдгийг ЦЕГ-аас мэдээлсэн юм. Түүнчлэн Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийн аюулгүй байдлыг ханган, үйл ажиллагаа зохион байгуулах обьектуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж, иргэд олон нийтэд ухуулга сурталчилгаа хийн ажилласан юм.
Даншиг наадмын үеэр Хүй долоон худагт хүнс, худалдаа, үйлчилгээний чиглэлээр 50 гаруй жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч худалдаа үйлчилгээ эрхлэв.
Иргэд наадам гэдэг утгаараа хуушуур, айраг, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн зэргийг илүүтэй худалдан авах хүсэлтэй байв. Тэр ч утгаараа хуушуур худалдан авах сонголт бүхий асрууд төрөл төрлөөрөө байршжээ. Харин айраг сонголт бага нөгөө л нэг хуванцар саванд хийж савласан төрхөөрөө хаа нэг харагдана. Хуушуур ихэнх асарт 2500 төгрөг, айраг нэг литр нь 12-15 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Хүмүүс хуушуурын асарт суухаас илүүтэй бэлдэж ирсэн майхан, зүлэг хавиар суух бөгөөд харамсалтай нь үүнийг дагаад Хүй долоон худагт хог хаягдал ихээр үүсчээ.
Даншиг наадмын цэвэрлэгээ, үйлчилгээнд Сонгинохайрхан дүүргийн ТҮК-ийн зам, талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нарын 50 хүний бүрэлдэхүүн 4 машинтайгаар ажилласан юм.
Гэвч эдгээр хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх биш хүндрүүлж буй иргэдийн хандлагыг шүүмжилснээ нуух юун. Аливаа арга хэмжээ ямархуу зохион байгуулалттай байгааг тухайн газрын ариун цэврийн өрөөнөөс харж болно. Харин Даншиг наадмын үеэр Хүй долоон худагт ариун цэврийн өрөө дутагдсан уу эсвэл наадамчин олонд соёл дутагдсан уу ямартай ч энэ Даншиг наадмаар иргэд цэвэрхэн, цэгцтэй наадаж чадсангүй.
ДАНШИГ НААДАМД 90000 ХҮН ОРОЛЦЖЭЭ
НЗДТГ-аас тодруулснаар энэ жилийн Даншиг наадамд 90000 хүн хүрэлцэн иржээ. Түүнчлэн 1500 орчим жуулчин оролцсон байна. Наадмыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Даншиг наадам – Хүрээ цам” бол шашны баяр ёслол, зан заншил гэхээсээ илүүтэйгээр өнөө цагт үндэстний ондоошил, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, эртний түүх, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл, оюун санааны ондоошлоо бахархан тэмдэглэх хэлбэрээрээ улам ач холбогдолтой болсоор байна. Энэ жилийн Даншиг наадам нь нийт монгол туургатны өвөрмөц онцлог, соёлыг сурталчлан таниулахад анхаарч байгаагаараа онцлогтой. Үндэсний өв соёл, хосгүй уламжлалаа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж буй нийт нийслэлчүүд, энэхүү наадамд морилон ирсэн хүндэт зочид та бүхэн сайхан наадаарай” гэсэн юм.
Гэвч аливаа арга хэмжээг зохион байгуулж буй тал биш, тухайн арга хэмжээнд оролцсон хүмүүс дүгнэх нь зүйтэй. Хүй долоон худгийг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх нь энд Даншиг наадам зохион байгуулахдаа биш харин ирсэн зочдод наад зах нь зогсоол, ариун цэврийн өрөө хүрэлцээтэй байх зэргээс эхлэх болов уу?


























Гэрэл зургийг Б.БАТЦАГААН
Холбоотой мэдээ