Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн байршилд нүхэн гарц байгуулах төсөл хэрэгжүүлж буй.
Энэхүү нүхэн гарцын ажил байдалтай өнөөдөр /2024.08.04/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцлаа.
Энэ үеэрээ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Түгжрэл бууруулах, Улаанбаатар төмөр замын галт тэрэгтэй хөдөлгөөн давхцуулахгүй байх зорилгоор нийслэлийн хэмжээнд дөрвөн нүхэн гарц байгуулахаар ажил эхлүүлсэн. Өнөө жил гурвыг нь ашиглалтад оруулна. Эхний нүхэн гарцыг ирэх есдүгээр сард, хоёр дахь нүхэн гарцыг аравдугаар сард, гурав дахь нүхэн гарцыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Дөрөв дэх нүхэн гарцын ажлыг ирэх жил эхлүүлнэ.
Тухайлбал, Таван шарын нүхэн гарц ашиглалтад орсноор Улаанбаатар хотоос баруун зүгийг чиглэсэн автомашины урсгал саадгүй болно. Нөгөө талдаа Улаанбаатар хот руу орж ирж байгаа хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ.
Хоёрдугаар нүхэн гарц нь нэгдүгээр хорооллын ачааллыг бууруулах зорилготой. Дээрээс ирж байгаа Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Геологийн төв лабораторийн уулзвар гэж ярьдаг, урагш нь нэвт гаргадаг болгох тунелийн ажил байгаа. Аравдугаар сар гэхэд дуусгана. Газар чөлөөлөлтийг яаралтай хийж өгөхийг гүйцэтгэгч комапни хэлж байна. Гурав дахь нүхэн гарц Хермесийн нүхэн гарц байгаа. Хермесийн нүхэн гарцыг Улаанбаатар төмөр замтай зөвшилцөх ажил байгаа. Вокзал орчимд тунарч байгаа усыг зайлуулах ажлыг хамтад нь уялдуулъя гэдгээ гүйцэтгэгч компанитай тохиролцлоо. Газар чөлөөлөлтийн ажил байгаа” гэв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ