Монголчуудын өв соёлын “Даншиг наадам- Хүрээ цам” 2024 наадам Хүй долоон худагт өнөөдөр /2024.08.04/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Анх 1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээн Занабазарыг Жавзандарнатын хувилгаанд өргөмжлөж, бат оршил өргөх наадам болсноор энэхүү наадмын түүх эхэлдэг.
Хожим 2015 оноос Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран энэхүү наадмыг зохион байгуулах болсон юм. Энэ жилийн Даншиг наадам нь нийт монгол туургатны өвөрмөц онцлог, соёлыг сурталчлан таниулахад анхаарч байгаагаараа онцлогтой. Мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах зорилго тавьж буй. Тус наадамд Монгол туургатан ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны хүчит бөхчүүд оролцож байна. Үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож байгаа бөгөөд Буриад бөхийн төрлөөр 64, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдаан болж буйгаараа онцлогтой.
Мөн наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, Балин урлалын тэмцээн, Унзад, голч нарын тэмцээн болох бөгөөд Очирваанийн тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Жороо морь, хязаалан, их насны морьдын уралдаан, морьт харвааны тэмцээн, “Уухай” шагайн харвааны тойром, үндэсний сур харвааны тэмцээн, сээр цохих тэмцээн, Монгол үндэсний таван тансаг идээний үзэсгэлэн, Монгол хувцасны үзүүлбэр, дүүргүүдийн ардын авьяастнуудын тоглолт болно.
Даншиг наадмын өнөөдрийн хөтөлбөрийг дараах хүснэгтээс тодруулан харах боломжтой.


3,548.92















































