НИК ХХК-ийн Толгойт дахь агуулах буюу хуучнаар Нефть хангамжийн баазын хашаанд хэсэг хүмүүс өнөө өглөөнөөс суулт зарлажээ. Эдгээр хүмүүс тус газарт харуулын ажил үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэднийг бөөнөөр нь ажлаас халах болсныг эсэргүүцэн ийн суулт зарласан гэж тэд өгүүлж байна. НИК ХХК нь харуулд гарч буй энгийн ажилтнуудынхаа оронд гэрээт харуул ажиллуулах бодлого барьж буйгаа тус компанийн захирал Ч.Сүхбаатар нуухгүй байлаа. Харин харуулууд нь суулт зарласан тухайд эрхэм захирал огт мэдээлэлгүй байна гэв. Толгойт дахь салбар руу нь залган болж буй үйл явдлын талаар лавлахад үгүйсгэсэн хариу өгөөгүй юм. Ямартай ч НИК-ийн Толгойт дахь салбарт хэсэг хүмүүс суулт зарлаад байна. Асуудлыг хэрхэн шийдэх, хуучин харуулуудаа ажлын байраар хангах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Д.Цээнэ