“Даншиг наадам- Хүрээ цам 2024″ монголчуудын өв соёлын наадам өнөөдөр/2024.08.03/ Хүй долоон худаг, Монгол наадам цогцолборт эхэлж байна. Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой.
Монголчуудын өв соёлын “Даншиг наадам – Хүрээ цам 2024” наадамд Монгол туургатан ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны хүчит бөхчүүд ирж оролцоно. Үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, Буриад бөхийн төрлөөр 64, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдаан болно.




Наадмын үеэр Лам нарын дунд ном хаялцах, Балин урлалын тэмцээн, Унзад, голч нарын тэмцээн зохиогддог ба Очирвааний тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ зохион байгуулагдана. Мөн “Улаанбаатар 385” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, Жороо морь, Соёолон, Их насны морьдын уралдаан, Морьт харвааны тэмцээн, “Уухай” шагайн харвааны тойром, Үндэсний сур харвааны тэмцээн, Сээр цохих тэмцээн, Монгол үндэсний таван тансаг идээний үзэсгэлэн, Монгол хувцасны үзүүлбэр, Дүүргүүдийн Ардын авьяастнуудын тоглолт, Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн хоёр чиглэлд 10 автобус үйлчилнэ. Тодруулбал наадмын өдрүүдэд 08:00-22:00 цагийн хооронд “МУБИС- Хүй долоон худаг”, “Төв цэнгэлдэх- Хүй долоон худаг” гэсэн чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ.




Холбоотой мэдээ