Парисын олимпоор од болж буй тамирчдын нэг бол Туркийн буудлагын тамирчин Юсуф Дикеч билээ. Өдгөө 51 настай тэрбээр холимог хосын 10 метрийн хийн гар бууны төрөлд өөрийн хамтрагч Севвал Ильяда Тарханы хамтаар мөнгөн медаль хүртсэн юм. Түүний буудаж буй байдал, нэмэлт хэрэгсэлгүй өрсөлдөж байгаа зэрэг нь олны анхаарлыг татаж, интернет ертөнцийг шуугиулж байна.
"Туркууд тусгай линз, нүдний хаалт, чихний хамгаалалтгүй 51 настай залууг олимп руу явуулж, өнөөх нь мөнгөн медаль авчихлаа" гэсэн тайлбартай бичлэг Х дээр 90 сая хандалт авчээ.
Олимпод өрсөлдөж буй ихэнх буудлагын тамирчид дуу, чимээ тусгаарлагч чихний хамгаалалт, нэг нүдний төвлөрлийг нэмэгдүүлэх, хурц гэрлийг багасгах нүдний хаалт зэргийг ашигладаг аж. Гэвч Юсуф Дикечид энэ бүхэн үнэхээр хэрэг байсангүй.

Юсуф Дикеч тав дахь олимпдоо өрсөлдөж байгаа нь энэ. Өмнө тэрбээр Турк улсыг төлөөлөн 2008, 2012, 2016, 2020 оны олимпуудад оролцож байжээ. Тэрбээр дэлхий, Европын аварга шалгаруулах тэмцээнд олон ч амжилт гаргаж, эх орныхоо нэрийг гаргасан нэгэн. Мөн тэрбээр тэтгэвэртээ гарсан Туркийн цэргийн хүчний ажилтан гэнэ.
Мөнгөн медаль хүртсэнийхээ дараа Юсуф Дикеч "Надад нэмэлт тусгай хэрэгсэл хэрэггүй ээ. Би төрөлхийн мэргэн буудагч. Миний буудалтын техник дэлхийд содонд тооцогдоно. Би хоёр нүдээ хоёуланг нь нээлттэй бууддаг. Шүүгч нар хүртэл гайхдаг. Энэ жил бэлтгэл ч сайн байлаа. Энэ ялалтыг бүх туркуудэд зориулж байна. Гараа халаасандаа хийгээд явж байхад амжилт өөрөө ирэхгүй шүү дээ" гэжээ.
Юсуф Дикеч 1973 онд мэндэлсэн бөгөөд багаасаа л цэрэг, цагдаагийн хүн болохоор шийдэж, цэргийн сургууль, академиар хүмүүжсэн түрүүч цолтой хүн аж. Тэрбээр 2001 оноос эхлэн буудлагын спортоор хичээллэж, Туркийн зэвсэгт хүчний баг болон үндэсний шигшээ багийн тамирчин болжээ. Түүний хувьд Анкарагийн Газигийн их сургуулийг биеийн тамир, спортын чиглэлээр төгссөн гэнэ.

3,602.33






















































Холбоотой мэдээ