Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1, 2, 5, 9, 12, 13 дугаар багийн орчимд өчигдөр /2024.08.01/ өдрийн 15:51 цагаас 16:30 цагийн хооронд үргэлжлэн орсон борооны улмаас гэр, байшин, орон сууцны B1 давхар усанд автсан тухай нийт 13 дуудлага иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид, Замын цагдаагийн тасгийн алба хаагч, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд,“Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн ажилтанууд хамтран 16:08 цагаас эхлэн зургаан өрхийн 18 хүн, зургаан гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, хоёр байшин, таван орон сууцны B1 давхрын усыг соруулсан байна.

Түүнчлэн Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай улсын чанартай автозамын хөвөө эвдэрсэн тул зорчих хэсэгт анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулаад байна.
Улаанбаатар хотод наймдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт гэр байшин, нийтийн эзэмшлийн зам талбай усанд автсан гэх 28 дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо Эрдэнэтолгойд гэр, хашаа усанд автсан гэх дуудлага /2024.08.01/-ний өдрийн 15 цаг орчимд Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу очиж гэрийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн Өлзийт хороололд үерт боогдсон иргэнийг аюулгүй газарт шилжүүлсэн зэрэг усанд автсан 18 айл, 37 иргэний аюулгүй байдлыг хангажээ.
Сонгинорхайрхан дүүргийн долдугаар хороо Баянхошууны дөрөвдүгээр гудамжинд байшин усанд автсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж хашаа, байшин үерт авсан байсныг 30 метр шуудуу татан, 10 метр далан босгож аюулгүй болгосон байна. Үерийн улмаас усанд автсан айл өрхийн усыг соруулах мөн ойролцоох түр байр руу нүүлгэн шилжүүлэх зэргээр арга хэмжээ авч байгааг онцгой байдлын газраас мэдээлэв.
Өнөөдөр нутгийн ихэнх хэсгээр аадар бороо, бороо үргэлжлэн орох тул иргэд та бүхнийг цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна.
3,595.72















































