НЭМЭЛТ:
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 2024 оны наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улс төр, эдийн засаг, батлан хамгаалах болон иргэд хоорондын, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан улам бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохиролцсон ажлуудыг бодит үр дүнд хүргэх, ялангуяа хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх, цахим хөгжил, боловсролын ерөнхий хуульд сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар заасантай холбогдуулан манай англи хэлний багш нарыг чадавхжуулах зэрэг асуудлаар үр дүн эхнээсээ гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
НЭМЭЛТ:
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд мэндчилгээ дэвшүүлж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Уулзалтын үеэр талууд олон улсын болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Монгол Улс чухал “гуравдагч хөрш”, итгэлт түнш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо.
Хоёр улсын ард түмний найрамдлын бэлгэ тэмдэг болсон Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хамтран хэрэгжүүлж буй хоёр дахь Компакт гэрээ нь Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэж, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, Компакт гэрээг хуваарийн дагуу амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай буйгаа нотоллоо.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын олон улсын болон бүс нутгийн түвшинд дэвшүүлсэн санал, санаачилгуудыг дэмжиж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн үзэл санааны хүрээнд цэвэр эрчим хүч, боловсрол, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засаг зэрэг салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр санал нэгдлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар 2024 оны наймдугаар сарын 1-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлоод өнгөрөгч сард АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлүүдийг ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй санал солилцож, дараах тохиролцоонд хүрсэн байна.
Тухайлбал, Монголын англи хэлний багш нарыг мэргэшил дээшлүүлж, чадавхжуулах мэргэжлийн төвийг Улаанбаатар хотноо нээхээр тохиролцов. Түүнчлэн Монгол Улс, АНУ-ын Эрчим хүчний яриа хэлэлцээг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцохоор болсон байна. Мөн 2020 онд байгуулсан Монгол Улс, АНУ хоорондын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г 2025 он хүртэл сунгахаар шийдвэрлэжээ.
Дашрамд сонирхуулахад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад найман жилийн дараа айлчилж байгаа юм.
Холбоотой мэдээ