Хэрэв Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сарын сонгуульд ялалт байгуулбал АНУ-ын улс төр орвонгоороо эргэх бололтой. Түүний Бүгд найрамдах нам "Project2025" гэх шинэ засаглалын мөрийн хөтөлбөрийг намын үндэсний их хурлаар танилцуулж баталсан. Уг мөрийн хөтөлбөр нь 900 гаруй хуудастай бөгөөд "Heritage Foundation" гэх ашгийн бус байгууллага бичсэн байдаг. Энэ нь чөлөөт бизнес, хязгаарлагдмал засгийн газар, хувь хүний эрх чөлөө, Америкийн уламжлалт үнэт зүйлс, үндэсний хүчирхэг батлан хамгаалах зарчимд суурилсан төрийн бодлогыг боловсруулдаг сан юм.
Дональд Трамп өмнөх засаглалынхаа хүрээнд "Project2025" хөтөлбөрийн дагуу улсаа удирдаж байсан гэж шинжээчид үздэг.
Гэхдээ үүнийг Трамп үгүйсгэдэг аж. Учир нь "Project2025"-д олон мянган төрийн албан хаагчдыг халах, ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлэх, Боловсролын яамыг татан буулгах, татварыг бүхэлд нь бууруулах, садар самууныг хориглох, үр хөндөлтийн эмийн борлуулалтыг зогсоох гэх мэтийг тусгасан байдаг бөгөөд Трамп өөрийн үзэл бодлоор улсаа удирдаж байсан гэж тайлбарладаг. Тэгвэл Бүгд Найрамдах намын үгүйсгэдэг ч баталж чадсан мөрийн хөтөлбөр нь юуны талаар болохыг "BBC" зах зухаас нь тайлбарлажээ.
"Project2025" гэж юу вэ?
Энэ нь АНУ-ын консерватив ерөнхийлөгч болсон хүн хэрхэн улс эх орноо чиглүүлэхийг заасан төлөвлөгөө юм. Үүнд ямар бодлогод анхаарах, төрийн ажлыг хэрхэн үр дүнтэй гүйцэтгэх санаануудыг тусгасан байдаг. Мөн Хууль зүйн яам зэрэг бие даасан агентлагуудыг ерөнхийлөгчийн шууд хяналтад байлгахыг санал болгосон байдаг бөгөөд үр хөндөлтийн эрхийг хязгаарлах хэд хэдэн хатуу бодлогыг агуулсан."Project2025″-д засгийн газрын зарим салбарыг ерөнхийлөгчийн шууд чиглэл дор болгосноор олон шат дамжлагатай хэлэлцэх асуудлыг хялбархан шийдэх боломжийг олгодог. Мөн мянга, мянган төрийн албан хаагчдын тоог багасгаж, оронд нь засаг барьж буй ерөнхийлөгчийн томилсон хүмүүс төрийн ажлыг гүйцэтгэхийг уриалдаг аж.
Цагаачдын асуудлыг "Project2025"-д мөн адил тусгасан байх агаад үүнд Дотоодын аюулгүй байдлын яамыг татан буулгаж, бусад цагаачлалын агентлагуудтай нэгтгэх нь зөв гэж бичсэн . Мөн гэмт хэрэг, хүний наймааны хохирогчдын визний ангиллыг шийдвэрлэх, цагаачдаас авах хураамжийг нэмэгдүүлэх, шимтгэл төлсөн цагаачдын өргөдлийг хурдан гаргах зэргийг санал болгодог аж.
Дональд Трамп ерөнхийлөгч байх хугацаандаа АНУ-Мексикийн хил дагуух ханыг босгосон нь цагаачдын тоог хязгаарлах гэсэн зорилготой.
Түүний энэ шийдвэрийг "Project2025"-д бичигдсэн байсан "хараа хяналтгүй цагаачдын тоог цагаачлалын нэг том байгууллага хянаснаар аливаа асуудлаас сэргийлж чадна" гэх хэсгээс санаа авсан гэж шинжээчид үздэг ч Бүгд найрамдах нам няцаадаг. Гэсэн хэдий ч Дональд Трамп өөрийн засаглалын үедээ "Project2025"-ыг баталсан бөгөөд төсвөөс санхүүжилт олгодог байжээ.
"Project2025" -д тусгагдаагүй салбар гэж үгүй
"Project2025"-д сэргээгдэх эрчим хүчний судалгаа, хөрөнгө оруулалтад шаардагдах төсвийн мөнгийг танахыг санал болгосон байдаг. Мөн шинээр сонгогдсон ерөнхийлөгч газрын тос, байгалийн хийн эсрэг "дайныг" зогсоохыг уриалсан байна. Нүүрстөрөгчийн хийг бууруулах зорилтыг эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх замаар сайжруулна. Мөн байгалийн хийн тарифын өөрчлөлт чөлөөт худалдаа, импортод саад тотгор учруулах боломжтойг онцолсон байна. Хэрэв Дональд Трамп 2024 оны сүүлээр ялалт байгуулж, Цагаан ордонд суух бол аж ахуйн нэгжийн болон орлогын албан татварыг бууруулж, Холбооны нөөцийн санг татан буулгаж, тэр ч байтугай алтаар баталгаажсан мөнгөн тэмдэгт нэвтрүүлэхийг эдийн засгийн мэргэжилтнүүд санал болгож буй.
Тиймээс Бүгд найрамдах нам болон Дональд Трамп ирэх жилүүдэд "Project2025"-аас иш татан шийдвэр гаргалгүй, инфляцийг бууруулж, эрчим хүчний зардлыг бууруулахын тулд газрын тосны өрөмдлөг хийхээр төлөвлөжээ.
"Project2025" өнгөрсөн онуудад 22 сая ам.долларын төсвийг татан авч чадсан байна. Мөн 2025 оны нэгдүгээр сард шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөсний дараа бодлогоо шууд хэрэгжүүлэх стратегийг багтаасан. Тус хөтөлбөрийн ачаар "Heritage Foundation" шинээр байгуулагдах засгийн газрын албан тушаалтнуудыг сургах хөтөлбөр хэрэгжүүлж магадгүй. Бүгд найрамдах нам өнгөрсөн хугацаанд "Project2025" хөтөлбөрийг хэрэгжүүлж байснаа үгүйсгэсэн ч Ардчилсан нам өөр байр суурьтай байгаагаа илэрхийлж буй. Жишээ нь Ардчилсан намын Жаред Хаффман ирэх онд "Project2025" -ийг хориглох ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Түүний хувьд болон Ардчилсан намын хувьд "Project2025" хөтөлбөр ардчилсан эрх чөлөөт улс төрийг нэг хүний мэдэлд шилжүүлэх гэсэн хорон бодлого юм. Хэрэв хориглох нь амжилттай болбол Дональд Трамп хуулийн хүнд сорилттой тулгарах юм.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ