Парисын олимпийн байт харвааны тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр/2024.08.01/ эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн харваа үргэлжилж, Монгол Улсаа төлөөлөн Б.Отгонболд өрсөлдөв. Тэрбээр эхний шатандаа Мексикийн Матиас Грандетай учраа таарч, 1-7 гэсэн харьцаатай хожигдлоо. Хоёр тамирчин эхний сетдээ тэнцсэн ч үлдсэн гурван сетдээ Мексикийн тамирчин илүүрхэж, долоон оноо авчээ.
Ийнхүү Ханжоугийн Азийн наадмын аварга Б.Отгонболдын Парисын олимпийн аялал энд хүрээд өндөрлөлөө. Тэрбээр өмнө нь Токиогийн олимпод оролцож байсан билээ.
Б.Отгонболд чансаа тогтоох харваандаа 72 сум тавьснаас, 643 оноо авсан амжилтаараа 54 дүгээр байрт эрэмблэгдсэн юм. Уг үзүүлэлтээрээ үндсэн шатны эхний тойрогтоо Мексикийн Матиас Грандетай учраа таарсан. Өдгөө 20 настай Матиас чансаа тогтоох харваанд 679 оноо авч, 11 дүгээрт байрт жагсчээ.
Ханжоугийн Азийн наадмын аварга Б.Отгонболд нь Токиогийн олимпод өрсөлдөж байсан туршлагатай нэгэн. Тухайн үед тэрбээр дэлхийн чансааны 147 дугаарт бичигдэж байв. Харин одоогийн байдлаар 50 дугаар байрт жагсч байна. Дэлхийг чансааг Бразилын Маркус Д’Алмейда тэргүүлж, Өмнөд Солонгосын Ким Вүжин, И Вү Сок, Туркийн Мете Газоз, Италийн Мауро Несполи нар удаалж байна.
3,576.02















































