Санширо Мүрао: Алтан медаль авч чадаагүйдээ сэтгэл дундуур байна

Хуучирсан мэдээ: 2024.08.01-нд нийтлэгдсэн

Парисын олимп-2024

Санширо Мүрао: Алтан медаль авч чадаагүйдээ сэтгэл дундуур байна

Санширо Мүрао: Алтан медаль авч чадаагүйдээ сэтгэл дундуур байна

Парисын олимпийн жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр/2024.07.31/ эрэгтэйчүүдийн -90 кг болон эмэгтэйчүүдийн -70 кг-ын барилдаанууд болов.


Эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд Токиогийн олимпийн аварга, Гүржийн тамирчин Лаша Бекаури алтан медаль хүртэж, Японы Санширо Мүрао мөнгөн медаль хүртжээ. Финалын барилдааны эхлэлийг Санширо Мүрао сайн тавьж, вазари үнэлгээ авсан. Гэвч Лаша Бекаури дараалан хоёр вазари авч, олимпийн аваргаа хамгааллаа.

Мүраогийн хувьд ээж нь америк, аав нь япон хүн бөгөөд энэ жинд түрүүлж, 2016 оноос хойш тасраад буй Японы энэ жингийн алтан медалийн буухиаг үргэлжлүүлэх хүсэлтэй байжээ. Гэвч чадсангүй.

Хамгийн сүүлд эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд Японоос Машү Бэйкер 2016 оны Риогийн олимпод түрүүлсэн түүхтэй.

Мөнгөн медаль хүртсэн Санширо Мүрао "Үнэхээр сэтгэлээр унаж байна. Би бүхий л нөхцөл байдалд түрүүлэхээр бэлтгэгдсэн. Өөртөө итгэлтэй барилдсан. Олимпод амжилттай оролцсон ч эцсийн дүнд маш ихээр хүсч байсан алтан медалиа авч чадаагүй учраас сэтгэл дундуур байна" гэжээ.

Япон улс одоогоор жүдогийн төрлөөс гурван алтан медаль хүртээд байна. Тухайлбал, Нацүми Цүнода, Хифүми Абэ, Таканори Нагасэ гэсэн гурван аварга бий.

Харин эмэгтэйчүүдийн -70 кг-ын жингийн финалд дэлхийн чансааг тэргүүлэгч Хорватын Барбара Матич болон Германы Мириам Буткерейт нар өрсөлдсөн. Улмаар Барбара Матич дэлхийн аваргын алтан медалиа олимпийн алтан медальтай ихэрлүүлэв. Тэгвэл хүрэл медалийг Австрийн Михейла Поллерес, Бельгийн Габриелла Уилльемс нар хүртжээ.

Энэ жинд алтан медаль хүртэх боломжтой гэгдэж байсан Японы Саки Нийзой хэсгийн аваргын төлөө Нидерландын Санне Ван Дикт ялагдаж, дагах барилдаан хийсэн ч Испанийн Аи Цүнода Рустант ялагдаж, ганзага хоосон үлджээ. Хүлээлт өндөр байсан Нийзой "Би жилийн турш өдөр бүр шаргуу хөдөлмөрлөж, алтан медаль авахын төлөө бүхнээ дайчилсан. Гэхдээ чадаагүйдээ бухимдаж байна. Надаас илүү хүссэн хүмүүс байлаа" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж