Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүн байж боломгүй, бодит бус гарсан гэж үзэж буй жагсагчдын тэмцэл даамжирч байна. Жагсагчид гудамж талбайд цагдаа нартай мөргөлдөхийн хажуугаар Николас Мадурогийн өмнөх удирдагч, улс төрийн зөвлөгч Уго Чавесын хөшөөнд уур бухимдлаа гаргажээ. Уго Чавесын долоон хөшөө дурсгал халдлагад өртөж, толгойг нь лантуугаар тасалсан. Жагсагчид цөөнгүй хөшөөг бүрмөсөн нураасан байна.
Нийслэл Каракасаас 30 км-ийн зайд орших далайн эргийн Ла Гуайра хотод хэсэг жагсагчид 3.5 метр өндөр Чавесын хөшөөг нурааж, "Энэ засгийн газар нуран унаг!" гэж хашхирч байжээ.
Тус хөшөөг 2017 онд Мадуро төсвийн мөнгөөр босгосон юм. Фалкон мужийн нийслэл Коро хотод эсэргүүцэгчид Венесуэлийг 1999 оноос 2013 онд нас барах хүртлээ захирч байсан Чавесын бетонон хөшөө рүү дайрч буй дүрс бичлэг цахим орчинд цацагджээ. Хөшөө унах үед жагсагчид баяр хөөрөө илэрхийлж, Венесуэлийн төрийн далбаагаа нурсан хөшөөний дээгүүр даллаж байв.
Чавесын хөшөө сонгуулийн дүнгээс болж халдлагад өртөж буй нь анхны тохиолдол биш юм. Өмнө нь 2017 онд болсон жагсаалын үеэр Чавесын хэд хэдэн хөшөө нураагдсан байдаг. Гэхдээ энэ удаагийн Чавесын хөшөөг нурааж буй нь шинэлэг зүйл гэж "Transparencia Electoral" ТББ-ын зөвлөх Жесус Кастелланос тайлбарлав. Тэрбээр "Олон тооны хөшөөг нэгэн зэрэг устгасан нь Үндэсний сонгуулийн зөвлөл (CNE) Мадурог ялсан гэж зарласанд иргэд сэтгэл дундуур байгаагийн үр дүн юм" гэжээ.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ