Улаанбаатар хотод 400 мянга гаруй өрх амьдарч буй. Эдгээр айл өрхийн 200 мянга гаруй нь гэр хороололд амьдардаг. Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдол их байгаа ажээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хавар, намарт хөрсний бохирдлын тандалт шинжилгээг хийдэг байна. Ингэхдээ 74 цэгээс дээж авч шинжилдэг аж. Үүний дүнд,
Нийслэлийн дөрвөн дүүрэг буюу Баянгол, Багахангай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хөрсний бохирдлын түвшин өндөр гарчээ.
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг нь гэр хороолол их суурьшсан бүс учраас нүхэн жорлонтой холбоотой хөрсний бохирдол их байдаг гэдгийг албаныхан хэлж байв. Мөн Тухайн дүүргүүдэд "Да хүрээ", "Өгөөмөр" зэрэг томоохон техникийн захууд байдаг үүнээс үүдэлтэй хүнд машин механизмын утаа хүнд метал зэргээс хөрс бохирдох шалтгаан болдог байна.
Энэ талаар НЭМҮТ-ийн орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Алтангэрэл хэлэхдээ, Судалгаагаар цаг агаар дулаарахын хэрээр хөрсний бохирдлоос болж 0-5 насны хүүхэд гэдэсний халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр гарсан. Мөн хур бороо элбэгтэй үед үерийн ус нь бохирдлыг нэг газраас нөгөөд зөөвөрлөдөг. Нийслэлд амьдарч буй ихэнх айлууд стандартын бус нүхэн жорлонтой. Үүний улмаас гэнэтийн аадар бороо орох үед нүхэн жорлон хальж, бохирдол нь газрын хөрс дээр ил гарч ирдэг. Улмаар иргэд ахуйн замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл маш өндөр.
Нийслэлийн айл өрхийн 80 гаруй хувь нь нүхэн жорлон ашигладаг. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эхний алхам нь нүхэн жорлонг стандартын дагуу барьж хэвших шаардлагатай.
Мөн гараа тогтмол угаах, жорлонд орсон гутлаараа гэртээ явахгүй байх, бага насны хүүхдийг гадаа тоглоод орж ирэхэд нь гарыг нь сайн угаалгаж хэвшүүлэх зэрэг энгийн ариун цэврийн дадлыг хэвшүүлэх хэрэгтэй гэв.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ус их тогтдог орон сууцны хороолол, гэр хороолол, хүүхдийн тоглоомын талбай, үерийн далан шуудуу, иргэд ихээр зорчдог зах худалдааны төв болон хогийн цэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа аж.
Ил задгай хог хаях, элдэв бодис шингэсэн угаадсаа асгах нь хөрсний бохирдлыг нэмэгдүүлдэг учир хог, угаадсаа ил задгай гудамж талбайд хаяхгүй байхыг зөвлөлөө.
Холбоотой мэдээ