Хичээлийн шинэ жил эхлэхэд сар гаруйн хугацаа үлдээд байна. Боловсрол, шинжлэх ухааны шинэ сайд ажлаа хүлээн авч 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг баталсан.
Хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэнэ.
ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ГУРВАН УЛИРАЛТАЙ БАЙНА
Тодруулбал, сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг Даваа гаригт эхлүүлж, Баасан гаригт дуусгахаар тусгажээ. Ингэхдээ нийслэлийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сард, хоёрдугаар улирлын амралтыг дөрөвдүгээр сард, гуравдугаар улирлын амралтыг зургадугаар сард товлосон байна.
Ирэх хичээлийн жил гурван улиралтай байх бөгөөд улирлын сүүлийн долоо хоногт 4-12 дугаар ангийн сурагчдыг анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ.
Харин бие даалтын долоо хоног нь аравдугаар сард болж, хичээллэх хугацаанд оруулж тооцох юм байна.
Хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлнэ.
36 СУРГУУЛЬ ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭНЭ
Энэ оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 40 мянга орчмоор өсөх урьдчилсан тооцоолол гарчээ.
Нийслэлийн Боловсролын газрын судалгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23188 суралцагч гурван ээлжид хичээллэх нөхцөл байдал үүсэж байгаа аж.
Өнгөрсөн хичээлийн жилд нийт 27 байршилд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг ашиглаж, гурван ээлжийн асуудлыг шийдвэрлэсэн. Тэгвэл 2024-2025 оны хичээлийн жилд 13 байршил дахь түрээсийн байрыг үргэлжлүүлэн ашиглаж, шинээр 16 байршилд түрээсийн байр нэмэхээр төлөвлөсөн байна.
Үүнд:
- Баянзүрх дүүрэг: 11 сургууль /14, 97, 21, 111, 120, 68, 142, 30, 53, 69, 155-р сургууль/
- Хан Уул дүүрэг: 9 сургууль /15, 34, 59, 75,115, 130, 32, 52, 156-р сургууль/
- Сонгинохайрхан дүүрэг: 5 сургууль /Хөгжил, 62, 122, 123, 154-р сургууль/
- Баянгол дүүрэг: 4 сургууль /141, 38, “Оюуны ундраа”, “Эрдмийн өргөө” сургууль/
Үүний зэрэгцээ орон нутагт 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй долоон сургууль байна. Тодруулбал, Ховд, Төв, Дархан-Уул, Хөвсгөл, Орхон, Дорнод аймагт ерөнхий боловсролын сургуулийн ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Харин нийслэлийн хэмжээнд 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй 22 сургууль байна.
3,569.17






















































Холбоотой мэдээ