Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэний 20 жилийн ойг тохиолдуулсан “Дэлхийн өв-түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт хамгаалалт” Монгол-Японы соёлын өвийн симпозиумыг Чингис хаан Үндэсний музейн танхимд өнөөдөр /2024.07.29-30/ хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв, Монгол Улсын улсын хамгаалалтын зэрэглэлд бүртгэгдсэн Эрдэнэ зуу хийд, Шанхын баруун хүрээний Пунцагдаржаалин сүм, Төвхөн хийд, Шанхын баруун хүрээний хийдийн буурь зэрэг түүхэн дурсгалт барилга, архетиктур, үл хөдлөх дурсгалууд Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт оршдог.
"ДЭЛХИЙН ӨВИЙН ДУРСГАЛТ ГАЗРЫН ЗЭРГЭЛДЭЭ ШИНЭ ХОТ БАЙГУУЛВАЛ ТОДОРХОЙ ЭРСДЭЛ ҮҮСНЭ"
Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Отгонбаяр
-Түүхэн судлаачдын хэлснээр энэ соёлын дурсгалт газарт эртний долоон туурьт улс байсан гэж үздэг. Үүнээс дөрөв нь археологийн малтлага судалгаагаар батлагдаад буй. Орхоны хөндийд Монгол Улсын үе үеийн хаант засаглал байсан үнэ цэнтэй нутаг. Байгалийн болон Соёлын өвийн конвенци 1972 онд батлагдаж, Монгол Улс 1990 онд нэгдэн орж, үүнээс хойш 1997 онд урьдчилсан жагсаалтаа дэлхийн өвд бүртгүүлэхээр өгч байсан. 2004 онд БНХАУ-д зохион байгуулсан хуралдаанаар Орхоны хөндийг дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнтэй нутаг байна гэж үзэн, бүртгэж авсан байдаг. Засгийн газрын шийдвэр 2010 онд гарч, 2011 онд тус газрын хамгаалалтын захиргааг байгуулсан.
Нийт Архангай, Өвөрхангай аймгийн таван сумыг дамнасан 183 мянган га газар хамгаалалтад байдаг. Үүн дээр 234 дурсгалт газрын 3000 гаруй дурсгал өнөөгийн байдлаар бүртгэлтэй байна.
Хоёр жилийн өмнөөс Шинэ Хархорум хотыг Орхоны хөндийд байгуулахын тулд Архангай, Өвөрхангай аймгаас 189 мянган га газрыг ашиглана. Гэхдээ дэлхийн өвд бүртгэсэн газар дээр бус зэрэгцэж, хот байгуулна. Энэ бүтээн байгуулалттай захиргааны зүгээс хамтран ажиллаж, нэгдсэн менежментийн төлөвлөгөө гаргах шаардлагатай байгаа. Тодорхой хэмжээний эрсдэл байгаа. Шинэ нийслэл байгуулахтай холбоотой олон хүчин зүйлийн нөлөө үүснэ. Бид шинэ нийслэл хот байгуулахыг эсэргүүцээгүй. Холбогдох хууль журам, нэгдэн орсон конвенцио дагаж мөрдөнө. Цаашид устаж үгүй болж магадгүй соёлын өвийн асуудал дээр Японы мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахаар ярилцаж байна.
ЯПОНЫ ЭРТНИЙ НИЙСЛЭЛ НАРАГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАСАН ТУРШЛАГЫГ СУДАЛНА
Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, доктор О.Ангарагсүрэн:
-Энэ соёлын дурсгалт газарт маш олон төрлийн соёлын өв бий. Жишээлбэл, чулуун дурсгал, бунхан, булш хиргисүүр, тахилын байгууламж, барилгын туурь, сүм хийд зэрэг ийм олон соёлын өвүүдийг хэрхэн сэргээн завсарлаж, хадгалж хамгаалах вэ гэдэг асуудал өнөөдөр тулгамдаж байна. Монгол Улсаас дэлхийн өвд бүртгэгдсэн анхны соёлын дурсгалт газар. Сүм хийдийн хувьд улсын зэрэглэлтэй. Тиймээс бидэнд дэлхийн өндөр хөгжилтэй улс орны туршлага хэрэгтэй байна. Япон улсын дурсгалт газар дээр байгаа соёлын өвийг хэрхэн сэргээн засварлаж, хадгалж, ашиглаж, хамгаалж байгаа вэ гэдэг өргөн сэдвийн хүрээнд туршлага судалж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Ер нь энэ соёлын дурсгалт газар байгаа соёлын өвүүд ил, далд орчинд байдаг. Аль аль нь эрсдэлд орж байна. Үүнд хүний болон байгалийн хүчин зүйл, нийгэм, улс төрийн нөлөөлөл бас байна.
Улсын хэмжээнд соёлын өвийн булш, хиргисүүрийг ухах асуудал тулгардаг. Орхоны хөндийн дурсгалт газрыг ч бас тойроогүй. Нэн яаралтай авран хамгаалах шаардлагатай соёлын өвүүд ч бий.
Япон улсын анхны төрт улс үүссэн эртний Нара хот. Тэгэхээр энэ түүхэн дурсгалт газрыг дэлхийн хүн төрөлхтний соёлын өвөөр бүртгэж авсан байдаг. Япон улсын хувьд соёлын дурсгалт газраа ногоон байгууламжтай сэргээн засварлаж, сүм хийдээ судлан сурталчлах ажлыг тогтмол хийдэг.
"ЭРДЭНЭ ЗУУ" ХИЙДЭД МОНГОЛ УЛСЫН ХОСГҮЙ ҮНЭТ 98 ҮЗМЭР ХАДГАЛАГДАЖ БУЙ
Их Монгол улсын нийслэл Хархорумын суурин дээр байгуулсан Эрдэнэ зуу хийд нь Өвөрхангай сумын нутагт буй. Эрдэмтдийн судалснаар Уйгурын Буху хааны үеийн хотын туурин дээр Хархорумыг байгуулсан бөгөөд Эрдэнэ зуугийн хэрэм доторх хоёр чулуун арслан нь Уйгурын үеэс үлдэн хоцорсон дурсгал байж болно гэж үздэг байна.
Энэ хийдэд Монгол Улсын хосгүй үнэт 98 үзмэр хадгалагдаж буй.
Эрдэнэ зуу хийдийн сүмүүдэд 1944-1946 оны хооронд их засвар хийж байжээ. Мөн 1970-1972 онд сүмийн будгийг сэргээн будсан, 2003-2004 онд Эрдэнэ зуу төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Сүлд-Уул" ХХК засварласан байна. Өдгөө сүмийн шинээр сольсон багануудад цуурал үүссэн, модон хийцлэлийн өнгө будаг ховхорч унасан, гандаж халцарсан байдалтай байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Эрдэнэ зуу хийдийн хамба лам Ж.Төрмөнх:
-Монголын бурхан шашны анхны өргөө бол Эрдэнэ зуу хийд юм. Энэ хийдэд үлдсэн түүхэн дурсгалт бүтээн байгуулалт, соёлын өв олон бий. Хийдэд хадгалагдаж ирсэн ном судар, гар бичмэлийг сэргээн засварлаж, хадгалж хамгаалах асуудал маш чухал. Монгол, Японы эрдэмтэн судлаачдын хамтарсан хэлэлцүүлэг маш сайхан болж байна. Хийдэд хадгалагдаж буй зохиол бүтээлийг судлах судалгаа шинжилгээний ажилд анхаарч байна гэв. Хийдийн сэргээн засварлалтыг "Эрдэнэ зуу" музейн хариуцдаг. Сэргээн засварлалтыг 1949- 2020 он хүртэл үе шаттай хийж ирсэн гэв.
Гэрэл зургийг Б.Батцагаан
Холбоотой мэдээ