"Саатуулчихаад хохирогч хамгаалуулах хүсэлт гаргаагүй гээд сууж байгаа нь эмгэнэл"

Хуучирсан мэдээ: 2024.07.30-нд нийтлэгдсэн

Live"Саатуулчихаад хохирогч хамгаалуулах хүсэлт гаргаагүй гээд сууж байгаа нь эмгэнэл"

"Саатуулчихаад хохирогч хамгаалуулах хүсэлт гаргаагүй гээд сууж байгаа нь эмгэнэл"

 

 

 

 

 

17 : 12
2024-7-30

"Саатуулчихаад гэрч хохирогч өөрийгөө хамгаалуулах хүсэлт гаргаагүй гээд сууж байгаа нь эмгэнэл"

Хүний эрхийн дэд хорооны хуралдааны үеэр гэрч хохирогчийг хамгаалах асуудал хөндөгдлөө. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-АТГ гэрч, хохирогчийг цагдан хоригдож байгаа үед цагдан хоригдож газраас нь гаргаж ирээд таниулах ажиллагаа явуулах эрхтэй биз дээ. Өөр байгууллага түүнийг хорих байгууллагад хийсэн байж болно. Эрүү шүүлтэд өртлөө, мөрдөж байгаа байгууллагын албан хаагчид над дээр гэмт хэрэг үйлдлээ гэж үзэж байгаа бол тэр хүнийг хаа байгаа газраас нь гаргаж ирээд таниулах ажиллагааг биетээр явуулж болно биз дээ. Хуулинд тийм боломж байгаа байлгүй дээ. Байгаа боломжийг ашиглахгүй далд хийчихсэн юм чинь гээд мартчихсан бол танай байгууллагын хариуцлагын асуудал.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Ч.Жаргалбаатар:

-Өнөөдөр мөрдөгчийн бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүрээ хязгаар хумигдсан. Эрүү шүүлт тулгалаа гэдэг гомдол АТГ-т ирлээ гэхэд ямар хэрэгт холбогдуулан шалгаж байна, хэзээ мэдүүлэг авч вэ гэдгийг үзэхийн тулд мөрдөгч нар өөрсдөө очоод үзлэг хийх эрх байхгүй. Заавал прокурорын зөвшөөрлөөр хэрэгт үзлэг хийнэ. Хорих ангид хоригдож байгаа нөхцөлд ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаас зөвшөөрөл авч, хорих ангид нэвтэрч мэдүүлэг авч байгаа. Эхний удаад бид биетээр таниулах ажиллагаа явуулах байсан боловч хоригдсон байсан тул зургаар таницулах ажиллагаа явуулах шаардлагатай болсон.  Санаж байна, дөрөвдүгээр сарын 23-нд цагдаагийн байгууллагад хандан тэнд ажилладаг бүх эрүүгийн мөрдөгчийн зураг, мэдээллийг явуулаач гэж хүсэлт явуулаад,  тавдугаар сар гараад манайд мэдээлэл нь ирсэн. Практик дээр юу болж байна вэ гэвэл бид зургаар таниулаад явуулахаар шүүх дээр таниулах үйл ажиллагааны нотлох баримтыг хүчингүй болгодог. Хууль чинь ийм байна, Дээд шүүхийн тайлбар гарсан гэдгээр нотлох баримтыг хүчингүй болгож, бид нарын хийсэн ажил үр дүнгүй цаас болж хувирч байгаа. Нийтлэг жишээ учраас Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үр нөлөөний шинжилгээ хийж, процессыг зөв болгохгүй бол ийм пакт цаашид ч үргэлжилсээр байх нөхцөл байдал байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийг боловсронгуй болгоё, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан харилцааг бусад салбарын хуулиар хаадгийг байхгүй болгоё гэдэг саналтай байна.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:

-Эрүү шүүлттэй холбоотой хэрэг илрэх магадлал маш бага сонсогдож байна. Камергүй нөхцөлд байцаалт авах ёсгүй гэж байгаа ч энэ хэрэг дээр камерын бичлэг байгаагүй, камерын бичлэг өөрчлөгдсөн. Эрүүдэн шүүгдсэн бол ямар хариуцлага хүлээдэг вэ.

Тэр байцаалтыг авахдаа хууль зөрчсөн буюу албаар камерын өнцөг өөрчилсөн , камер ажиллагаагүй болгосон бол ямар хариуцлага хүлээх вэ. Эрүүдэн шүүсэн гэх гомдол буцаж байсан хэдэн тохиолдол байгаа вэ.

Амь хохирсон асуудал байгаа. ШШГЕГ-аас тодруулахад, эмч, эмнэлгийн ажилтны хүний нөөц дутмаг, чадвар дутмаг байдаг. Эмнэлэгт шилжүүлье гэхэд хаалттай хамгаалалттай нөхцөл байдал бүрдүүлсэн эмнэлэг байдаггүй. Энэ нь нөхцөл байдлыг хүндрүүлдэг гэсэн. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмч нарыг урих боломжтой юм байна гэж ойлгосон зөв үү. Болсон хэрэг дээр тусгай мэргэжлийн эмч ажиллуулсан уу. Хорих ангид болон урьдчилан сатуулах байранд тусгай мэргэжлийн эмч урьж ажиллуулж байсан тохиолдол хэр байдаг вэ?

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Ч.Жаргалбаатар:

2020-2024 онд 15 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. АТГ-т эрүүдэн шүүгдлээ гэсэн 113 гомдол мэдээлэл ирсэн. Зарим нь эрүүдэн шүүсэн, зарим нь хүнлэг бус харьцсан,  зүй бус харьцсан гомдлууд ирдэг. Эрүүдэн шүүлээ гэсэн боловч тухайн хүнд давуу байдал бий болголоо, нотлох баримт хуурамчаар үйлдлээ гэдэг гомдол мэдээллүүд ирснээр 46 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Хүний амь нас хохироосон хэргээр нэг хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн.

АТГ энэ төрлийн гэмт хэрэг дээр зөвхөн камерын бичлэгээр нотолдог асуудал байхгүй, өөр бусад аргаар нотлох баримт цуглуулдаг.

хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг дээр эрүүдэн шүүж хүнд гэмтэл учруулсан бол гээд бусад гэмт хэргүүд дээр шинжийг тодорхойлж өгснөөс хөнгөн нөхцөл байдал үүсдэг.

ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга:

-Эрүүл мэндийн сайд болон Хууль зүйн сайдын хамтарсан журам байдаг. Хорих байранд хоригдож байгаа болон Урьдчилан саатуулах байранд хоригдогчийг дараагийн шатны эмнэлэгт хүргэх тухай. Энэ дагуу Яаралтай тусламжийн төвийн 103-т дуудлага өгч, Шастины нэрэмжит Улсын нэгдсэн III эмнэлэгт хүргэсэн, 103-ын эмч  үзээд ахисан төвшний оншилгоо үйлчилгээ шаардлагатай гэж үзсэн учраас III эмнэлэгт шилжүүлсэн.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Цагдаагийн байгууллагад хэрэгт шалгагдаж байгаа болон эсхүл цагдаагийн байгууллагад гомдол хүсэлт гаргасан иргэд хохирч байна. Алба хаагчид хувийн харилцаа тогтоохыг шаардаж байна. Сэлэнгэд бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудал хөндөгдөж байна.

Эрүү шүүлттэй холбоотой хэрэг хууль сахиулах байгууллагад дотоод соёл шиг болсон. ХЭҮК –ын илтгэлд баримттай, нэр устайгаа дурдагддаг. ХЭҮК -ын илтгэд дурдсан албан хаагч нарт ямар хариуцлага тооцсон бэ, мэдээлэл байна уу.

АТГ-аас асуултад хариулах үеэрээ “Гэрч хохирогчийг хамгаалах чиг үүрэг үйл ажиллагаа манайд байхгүй. Байхгүй учраас гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа хийдэггүй” гэж хэллээ.  Гэрч хохирогчийг хамгаалах чиг үүрэг цагдаагийн байгууллагад байдаг. Цагдаагийн байгууллагын албан хаагч нь гэрч, хохирогчоо эрүүдэн шүүж байгаа тохиолдолд гэрч хохирогчийг цагдаагийн албан хаагч хамгаална гэдэг сонирхлын зөрчилтэй хэрэг болно. Сэлэнгэд хохирсон бага насны хүүхэд мэдүүлгээсээ буцах, өөрчлөх тохиолдол гараад эхэлсэн тухай мэдээлэл гараад эхэллээ. Гэрчийг айлгах, худалдан авах юм уу, ямар нэг байдлаар мэдүүлэг өөрчлөгдөнө гэсэн үг. Гэрчийн мэдүүлэг өөрчлөгдөж байгаа нөхцөлд шүүхийн шийдвэр яаж гарах нь ойлгомжтой. Шударга ёс тогтохгүй.

Гэрч хохирогчийг хамгаалах тогтолцооны талаар судалгаа хэрэгтэй байна.

Цагдан хорих төвд хүнийг нь аваачаад хийчихсэн, гэрч хохирогчоор өөрийгөө хамгаалуулах гомдол санал гаргаагүй гээд сууж байгаа төрийн байгууллагынхны хувьд эмгэнэлтэй. Надад хамгаалалт хэрэгтэй байна гэдэг хүсэлтээ гэрч хохирогч цагдаагийн байгууллагын албан хаагчаар дамжуулах юм уу, ШШГЕГ -ын албан хаагчаар дамжуулж илэрхийлэх юм уу.  

ШШГЕГ нь  эрүү шүүлттэй байх юм бол тэр мэдээллийг дамжуулахгүй. АТГ өөрт нь гомдол гаргаад эрүү шүүлттэй өртлөө гэдэг иргэнтэй уулзахаар цагдан хорих төвд очоогүй байна гэдэг асуудал.

Энэ асуудал дээр ХЭҮК мэдээлэл цуглуулах шаардлагатай. Гэрч хохирогч хохироод байгаа хэрнээ түүнийгээ илрүүлж чадахгүй, хуулийн байгууллагыг тойроод гүйгээд байгаа юм биш биз. Энэ бол аюул шүү гэлээ.

 

 

14 : 42
2024-7-30

Т.Сүхболд: Цагдаагийн албан хаагч хүн зодсон буруутай гэвэл хариуцлага хүлээхэд бэлэн

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. Хүний эрхийн зөрчил, эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Амь хохирогчийн эмзэг мэдээллийг дэлгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл мөн. Хүнлэг ёсны талаар та, танай байгууллага ойлголттой бол хариуцлага хүлээгээд огцроход бэлэн байна уу. Баянгол дүүргийн нэгдүгээрт хэлтсийн мөрдөгчид зодуулсан гэдэг гомдол гаргасан хүн эмнэлэгт гавтайгаа эмчлүүлж байгаад амиа алдсан байхад та нар муу хүн ирээд үхчихсэн шахуу юм ярьж байгаа. Та ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн үү. Энэ хэрэгтэй холбоотойгоор нэг ч хүн яллагдагчаар татагдаагүй байна?

Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын дарга Т.Сүхболд:

-Цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаар болон гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар прокуррын байгууллагад танилцуулаад, зөвшөөрсөн хэмжээнд нь иргэдэд мэдээлэл өгдөг.  Мэдээлэл өгөх эсэх талаарх шийдвэрийг ЦЕГ-ын дарга өгнө. Жишээлбэл, нийгэмд гараад байгаа амь нас хохирсонтой холбоотой асуудлаар мэдээлэл өгөх үү, эс өгөх үү гэдэг дээр ЦЕГ дарга шийдвэр гаргана. Ямар мэдээлэл өгөх вэ гэдэг дээр прокурорын байгууллагаас бичгээр тодруулга аваад хуулийн дагуу зөвшөөрөгдсөн хэсэгт өгнө.

Бидний өгсөн мэдээлэл дотор хүний эмзэг мэдээлэл гээд үзэхээр хууль зөрчөөгүй гэдэг тайлбар ярьж байгаа. Дотооддоо албаны шалгалт хийж байна. Прокурорын байгууллагаас яг энэ хэсгийг ярь гээд байхад хүний эмзэг мэдээллийг гаргасан бол бид хариуцлага хүлээхэд бэлэн.

Цагдаагийн албан хаагчтай холбоотой хэргийг АТГ шалгаж байгаа. Надад өнөөдөр энэ хэрэг дээр хэдэн цагдаагийн албан хаагчийг яллагдагчаар татаад байгаа юм бэ гэдэг мэдээлэл алга. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны нууц.

Энэний дараа бид нар бас шалгана. Цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа байгаа юм уу, нэгжийнх нь дарга нар алба хаагчдаа тавих хяналт сул байсан юм уу, эсвэл камерын өнцөг өөрчилсөн юм уу. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөлд дараагийн арга хэмжээг авах эрх зүйн зохицуулалттай.  Би бол ёс зүйн хариуцлага хүлээхэд асуудалгүй. Танай алба хаагч буруутай байна,  хүн зодсоор байгаад алсан байна гэвэл хариуцлага хүлээнэ.

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Зааг ялгаатай ойлгох ёстой болж байгаа. Цагдаагийн албан хаагч бусдыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудал АТГ-т шалгагдаж байна. АТГ шалгагдаж байгаа энэ хэргээс гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн албан хаагч бусдыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудалтай холбоотой хууль зүйн хариуцлага нэг яригдана.

Нөгөө талаар, заавал мөрдөн шалгах байгууллага болон шүүхийн шийдвэрийг хүлээхгүйгээр дотооддоо үнэлэлт дүгнэлт өгөх бололцоо бий. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг задруулсан гэдэг асуудал байгаа. Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд өөрийн эрх хэмжээний хүрээнд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцно. Дахиад хариуцлага хүлээлгэх шаардлагатай албан тушаалтнуудад Цагдаагийн ерөнхий газрын дарга дарга өөрийнхөө эрх хэмжээнд хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэнэ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга та түрүүн "ухаангүй тохиолдолд гавгүй байж байгаад оргосон гурван тохиолдол байгаа" гэж хэллээ. Ухаангүй байж байгаад бусдад гэмтэл учруулсан тохиолдол гарсан уу. Ухаангүй байж байгаад хорих ангиас болон эмнэлгээс оргосон тохиолдол гарсан уу. Гавтай байсан нь зөв гэж яриад байна. Ухаангүй байгаа хүнийг гавлаж байгаад эмчилж болдог юм уу?

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Энэ чиглэлийн хууль тогтоомжоо эргэж харах шаардлдага үүссэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор:

-Би түрүүнд хоёр гурван кейс ярьсан нь таны асуусантай адилаар огт ухаангүй биш  тийм байдлаар оргох үйлдэл үзүүлж байсан учраас урьдчилан сэргийлэх байдлаар тусгай хэрэгсэл хэрэглэдэг. Тусгай хэрэгслийг  ашиглах эсэх дээр тухайн үүрэг гүйцэтгэж байгаа үүрэг гүйцэтгэгч өөрөө бие даан шийдвэр гаргадаг. Таны асуусан шиг кейс одоогоор гараагүй. Хүний ёсонд бол нийцэхгүй. Бид хуулийг хэрэгжүүлж байгаа ч гэсэн амьдрал жам ёстойгоо уялдаж явдаг. Хүнлэг энэрэнгүй байх ёстой гэдэг зарчмыг баримтлах ёстой. Энэ үйлдэл дээр тухайн хохирогчийн ар гэрээс уучлал хүссэн байгаа.

 

13 : 18
2024-7-30

Д.Сүнжид: Эрүүдэн шүүсэн гэх цагдаагийн албан хаагчдыг яллагдагчаар татаагүй мэдээлэл ирсэн

Хүний эрхийн дэд хорооны хуралдаанд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид танилцуулга хийлээ.

Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу 2024 оны долдугаар сарын 22-нд амь хохирсонтой холбогдуулаад ХЭҮК үндсэн чиг үүргийнхээ хүрээнд төрийн байгууллагуудаас мэдээлэл авч эхэлсэн. ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд цагдаагийн байгууллагаас дэд даргатай нь холбогдож, 23-нд мэдээллээ ирүүлсэн.

Улсын нэгдсэн III эмнэлгийн эмч нартай уулзсан, биеийн байдал онош, эмчилгээ үйлчилгээг тодруулсан. ШШГЕГ ын 461 дүгээр хорих ангид ажилласан. Амь хохирогчийн хувийн хэрэгтэй танилцлаа, эмчилгээ үйлчилгээг үзлээ. Камерын бичлэг үзлээ, албан хаагчидтай уулзаж болсон явдлын талаар ярилцлаа.

Баянгол дүүргийн прокурор АТГ-т хяналт тавьж ажиллаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан эрүүдэн шүүгдсэн гэх гомдол хянан шийдвэрлэх ажлилагаанд явагдаж байгаа гэх мэдээлэл өгсөн.

Энэ бүх мэдээллийг авахаар гурван асуудал байгаа. Нэгдүгээрт, нэгдүгээр сард эрүү шүүлт тулгасан гэх цагдаагийн байгууллагын албан хаагчид холбогдуулаад гаргасан гомдол байгаа. АТГ чиг үүргийнхээ дагуу эрүүдэн шүүсэн эсэхийг хянан шийдвэрлэдэг мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. АТГ- аас тодруулахад, энэ хэрэг ажиллагаанд байгаа гэдэг мэдээллийг өгсөн.

Баянгол дүүргийн прокуророос “Энэ хэрэг дуусаагүй байна, нотлох ажиллагааг тал бүрээс нь шалгана. Одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан хүн байхгүй” гэдэг мэдээллийг хэрэгт хяналт тавьж ажиллаж байгаа Баянгол дүүргийн прокурорын байгууллагаас нь ирүүлсэн.

Энэ мэдээлэлтэй холбоотойгоор эрүү шүүлт тулгасан юм уу, цагдаагийн албан хаагч буруутай юм уу, үгүй юм уу гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Гэхдээ энэ бол мөрдөн шалгах ажиллагааны байгууллагын өөрийнх нь харьяалдаг чиг үүргийн асуудал гэдгийг онцолъё.  

Хорих 461-д байхад юу болов. 2024 оны долдугаар сарын 11-нд гэдэс орчмоор өвдөж байна гэж хандсан. Дотоод журмынхаа дагуу эмч нь үзлэг хийсэн, 13-нд эргээд 461-д гарсан. Долдугаар сарын 17-нд таагүй байна гэдгээ мэдэгдсэн, эход үзсэн, 22-нд түргэн тусламж үзүүлэх шаардлагатай болсон учраас III эмнэлэгт шилжүүлэн өгсөн гэж мэдэгдэж байгаа. Камерын бичлэг харахаар хохирогч хоёр хүнтэй хамт цагдан хоригдож байсан. Таталт өгсөн, 1,20 минутын дараа ШШГЕГ -ын албан хаагч очиж тусламж үзүүлж байгаа.

Эмчийн тусламж үйлчилгээ зэрэг дээр эмнэлгийн байгууллага өөрсдөө зохих ёсны хариугаа өгөх ёстой. Амь хохирсон шалтгааныг шүүх шинжилгээний газар буюу шинжээч эмч нар тогтооно. Тэрийг үндэслэж бид дараагийн дүгнэлтээ гаргах боломжтой.

Гурав дахь асуудал эмчилгээ үзүүлэх хугацаа нийтдээ 24 цаг орчим үргэлжилж байгаа.

Хохирогч ухаангүй байсан, хүчилтөрөгч дутагдалтай байсан учраас эмчилгээ үйлчилгээ үзүүлэхдээ өөрийг нь хүлэх шаардлагатай болсон гэж ШШГЕГ-ын албан хаагч хэлж байгаа.

Гав хэрэглэсэн гэж байгаа. Гав хэрэглэсэн гэдэг дээр эмчилгээ үйлчилгээний журам байх ёстой. Олон хүмүүс дээр эмчилгээ үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болдог байх.

ХЭҮК гав хэрэглэсэн нь хүнлэг бус хэрцийг харилцаа, эмчилгээний журам түүнийгээ дагах ёстой байсан гэж үзэж байгаа. Энэ асудулыг шалгах ёстой. Хэрэв ийм өвчтөн ирвэл ямар арга хэрэгсэл ашиглаж үйлчилгээ үзүүлэх ёстой юм гэдгийг тодруулах шаардлагатай.

ХЭҮК байгуулагдаад 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа халдашгүй байх эрх, эрүү шүүлтээс ангид байх эрхийг нийт 15 удаагийн илтгэлдээ тус бүрт нь сэдэв болгож хөндсөн. Тодорхой өөрчлөлтүүд гарч байгаа.

Хамгийн сүүлд гаргасан 23 дахь илтгэлдээ халдашгүй байх эрх гэдэгт “Сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж байна” гэдэг асуудлыг хөндөж тавьсан. УИХ -ын тогтоолд туссан. Засгийн газар ахлаад, Хууль зүйн яам ажилласнаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулснаар 2024 оны наймдугаар сарын 1-нээс шүүгчийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглосон. Тийм учраас ХЭҮК өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагууд зохион байгуулалтаа хийсэн үү, бэлэн байгаа юу, хуулиа таньж мэдсэн үү гэдгээр уулзалт зохион байгуулсан.

Нэг асуудал шийдэгдээгүй. НҮБ -ын гишүүн байгууллагаас эрүү шүүлт тулгасан хэргийг тусдаа мөрдөн байцаах мөрдөх байгууллагыг байгуулаач ээ гэсэн. Тусгай субьект бүхий албан хаагчдыг мөрддөг шалгадаг учраас тэнд тусдаа нэгж байх ёстой. Тэгж байж эрүүдэн шүүлтийг  таслан зогсоож чадна гэж зөвлөсөн. Одоогийн байдлаар АТГ-ын нэгжийн харьяалал шийддэг хэвээрээ байгаа” гэлээ.

 

10 : 54
2024-7-30

Хүний эрхийн дэд хороо хуралдаж эхэллээ

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан эхлээд байна. Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдалтай холбогдуулж, хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг энэхүү дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх юм.

Хүний эрхийн дэд хорооны хуралдаанд хуулийн байгууллагынхнаас гадна Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-оос төлөөлөл оролцож байна.

Тус хуралдаанаар нийт 11 төрлийн мэдээлэл сонсох хэрэгцээ шаардлага үүссэн гэдгийг хуралдаан даргалагч мэдэгдлээ.  Нэгдүгээрт, эрүү шүүлтэд өртсөн гэдэг 21 настай залуу АТГ-т гомдол гаргасан. Цагдан хоригдож байхдаа амь насаа алдсан. Хоёрт цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа иргэд хохирч байгаа асуудал. Сая эрүү шүүлтэд өртсөн, Сэлэнгэд мөн ноцтой хэрэг болсон. Энэ асуудал дээр мэдээлэл байгаа юу. Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ. ХЭҮК -ын илтгэлд нэг бус удаа эрүү шүүлтийн талаар хөндөгдсөн. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсоно. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ бусдыг гүтгэх, эрхэнд нь халдах зэргээр хууль зөрчиж байгаа тухай гомдлыг хохирогч талаас тавих болсон. Хүний эрхийн мэдрэмж талаасаа, хууль мөрдөх талаасаа ямар байгаа талаар мэдээлэл сонсоно. Цагдан хоригдож байхдаа эрүүдэн шүүгдсэн гэдэг асуудал хөндөгдөх болсон. Өмнөх тохиолдлуудтай холбоотой арга хэмжээ авсан уу, саяны үйл явдал үнэн үү гэдгээр мэдээлэл авах.

Гүйцэтгэх ажил, эрүүгийн төлөөлөгчтэй холбоотойгоор эрүү шүүлтийн асуудал гарах болсон. Хууль эрх зүйн орчин ямар байгаа, өрөө тасалгаа ямар байгаа. Саяны үйл явдал мөрдөн байцаах өрөөнд болсон уу, гадуур болсон уу.

Шүүхийн шийдвэргүй баривчилгаа ямар байна вэ. Шүүхийн зөвшөөрөлгүй хийгдэж байгаа ажиллагаа байгаа, хуулийг боловсронгуй болгох чиглэлээр мэдээлэл авах зэрэг асуудал багтаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж