Хуулийг нь өөрчлөхгүйгээр О.Баасанхүү цагдаагийн дарга болж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2024.07.30-нд нийтлэгдсэн

Хуулийг нь өөрчлөхгүйгээр О.Баасанхүү цагдаагийн дарга болж чадахгүй

Хуулийг нь өөрчлөхгүйгээр О.Баасанхүү цагдаагийн дарга болж чадахгүй

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрт цагдаагийн байгууллагыг удирдах хүсэлтэй байгаагаа уламжилжээ.

Хэд хоногийн өмнө тэрбээр Live хийхдээ цагдаагийн байгууллагыг хуульч хүн удирдах ёстой гэж мэдэгдсэн. Энэ талаар тэрбээр “Хуулийн салбарт 20-иос дээш жил ажилласан хуульч хүн цагдаагийн байгууллагыг удирдана гэж хуульдаа өөрчлөлт оруулах ёстой.  Би хуулийн салбарт 27 жил ажиллаж, өмгөөлөл хийлээ. Найман жилд нь  УИХ-ын гишүүнээр ажилласан.  Хулгайч нар намайг цагдаагийн даргаар очих вий гэхээс айж байна.  2017 онд Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж Цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-аар батлуулснаар цагдаагийн байгууллагад 20-иос дээш ажилласан хүнийг даргаар нь томилдог болсон.

Цагдаагийн байгууллагын удирдлагад салхи орох ёстой. Цагдаагийн байгууллагыг иргэншүүлэх ёстой. Иргэдэд үйлчилдэг, иргэдийн төлөө явдаг, иргэд цагдаагаараа хамгаалуулдаг, иргэнийхээ талд зогсдог болмоор байна. Цагдаа төрийг хамгаалдаг, даргыг хамгаалдаг, авлигачдыг хамгаалдаг бус болмоор байна. Хууль зүйн тогтолцоог бодлого өөрчилдөг.

Ардчилсан нам хууль зүйн салбараа авсан юм бол Л.Гантөмөрөө хийгээч ээ гэж хэлэх байна. Хамтарсан Засаг гэж байгаа юм бол Цагдаагийн байгууллагын тухай хуульдаа яаралтай өөрчлөлт оруул” гэж мэдэгдсэн юм.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа албан хаагч нарт эрүүдэн шүүгдсэн 21 настай залуу 461 дүгээр ангид хоригдож байхдаа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэсэн ч нас барсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагын удирдлагыг өөрчлөх ёстой гэсэн шүүмжлэл сүүлийн өдрүүдэд хүчтэй өрнөх болсон.

Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт ажиллах болсноор Хууль зүй дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэл томилогдсон. Хуульд зааснаар салбарын сайдад цагдаагийн байгууллагын удирдлагыг өөрчлөх эрх байгаа ч хуульд нь “цагдаагийн байгууллагад 20-иос дээш жил ажилласан, улс төрийн албан тушаал хашиж байгаагүй хүнийг цагдаагийн байгууллагын даргаар томилно” гэж заасан нь О.Баасанхүүд том тээг болж буй. Учир нь, тэрбээр улс төрийн албан тушаал хашиж ирсэн, мөн цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй. Тиймээс Ардчилсан нам Засгийн газарт хамтарсан гэдэг үндэслэлээр Цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах “шахаа”-г хийж эхэлж байгаа нь энэ. Гол нь Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр түүний хүсэлтийг хүлээн авах уу, эсвэл хуульдаа өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэх үү гэдэг нь ирэх өдрүүдийн  хамгийн их анхаарал татсан сэдвийн нэг болох болов. Мөн Засгийн эрхийг барьж буй МАН УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлснээр Цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх эргэлзээтэй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
7
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж