УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2024.07.29/ эрүүдэн шүүлт, дэглэлттэй холбоотойгоор хүний эрх зөрчигдөж буй хууль бус үйлдэлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
Монгол Улс шинэ Үндсэн хуулиндаа хүнлэг энэрэнгүй нийгмийг цогцлооно гэж заасан. Хүний амьд явах эрхийг баталгаажуулж өгсөн байдаг. Мөн Үндсэн хуулиндаа эрүүдэн шүүх, хүнтэй хүнлэг бус харьцахыг хориглосон. Харамсалтай нь, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан хүний үндсэн эрхтэй холбоотой энэхүү заалтыг иргэнийхээ амь насыг нь хамгаалах үүрэгтэй батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагад хүний амь эрсдэх, янз бүрийн хүчирхийлэл дарамтад өртөх асуудал тасрахгүй газар авсаар байна. Газар авч байгаагийн нотолгоо нь өнгөрсөн 7 хоногт 21 настай залуу амь насаа алдсан.
Хүний эрхийн үндэсний комиссоос гаргадаг жил бүрийн илтгэлд бүх төрлийн хүчирхийллийг эдгээр байгууллага гаргаж байна гэдэг нь нотлогдсон байдаг. Харамсалтай нь, ямарваа нэг арга хэмжээ авсан ч зогсохгүй байна.
Энэ асуудал дээр дорвитой арга хэмжээ авах ёстой гэж Ардчилсан намын гишүүд үзэж байна. Тийм ч учраас УИХ -ын хяналт шалгалтын чиг үүргийн хүрээнд хууль сахиулах байгууллага, батлан хамгаалах байгууллага, хорих ангиудад хүний эрхийн нөхцөл байдал ямар байна вэ, зөрчил нь ямар хэмжээнд байна вэ гэдэг дээр хяналт шалгалт явуулах шаардлагатай. Тэнд болж байгаа хүний эрхийн зөрчлийг олон нийтэд сонсгох хэрэгтэй. Тийм ч учраас сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
УИХ –ын хяналтт шалгалтын тухай хууль болон Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу УИХ- ын гишүүн санаачлаад 15 гишүүн дэмжсэнээр сонсгол зохион байгуулах боломжтой.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн бүлгийн гишүүд сонсгол зохион байгуулахыг санаачлаад гарын үсэг зуруулах ажиллагааг эхлүүлж байна.
Одоогоор 15 гишүүн дэмжихээ илэрхийлсэн. Энэ бол зөвхөн Ардчилсан намын асуудал биш Монгол Улсад тулгамдаж байгаа асуудал гэдгээрээ бусад намын гишүүд энэ сонсголд оролцоход нээлттэй, хамтарч ажиллана гэж бодож байна.
Хоёрдугаар асуудал нь хүний эрхийн зөрчилтэй холбоотойгоор холбогдох байгууллагуудаас өмнө гарсан дүгнэлтүүдэд дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан дүгнэлтийн хэрэгжилт хэр байна вэ, УИХ-аас гаргасан тогтоолын хэрэгжилт ямар байна вэ. Сүүлийн найман жилийн бүх дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг шалгаж үзэх шаардлагатай. Хууль зүйн салбар хийгээд батлан хамгаалах салбарт хүний эрхийн зөрчлийг зогсоохтой холбоотой шинэчлэлийг даруй эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. 800 орчим заалтыг өөрчилж байж, хүний эрхийн зөрчлүүд зогсох боломжтой гэсэн дүгнэлтийг хэр хэрэгжүүлж байгааг шалгаж үзэх ёстой.
Сүүлийн үед болж буй хүний эрх зөрчсөн ноцтой үйлдлүүд дээр хэр их хэмжээний хууль эрх зүйн өөрчлөлт хийж байж дарамт шахалт, дэглэлт, мөрдөн шалгах явцад гардаг алдаа зогсох ёстой юм бэ гэдгийг сонсголоор дамжуулж ажлын хэсэг байгуулагдан, ажилласнаар таслан зогсооно гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
-Хүний эрхийг Үндсэн хуульд тунхагласан байдаг. Эрүүгийн ямар ч баривчилгаан дээр хүний эрхийг зөрчих ёсгүй, хүний эрхийн асуудлыг хамгийн түрүүнд хангах ёстой гэдгээ Үндсэн хуулийн суурь зарчимдаа заасан. Тийм учраас УИХ-д 42 гишүүнтэй бүлгийн хувьд сонсгол зохион байгуулах ёстой гэдэг дээр санал нэгдэж байна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Маш олон эмгэнэлт хэрэг болж байна. Түүнд цагдаа нар холбоотой байгаа нь түгшүүр төрүүлж байна. Тухайн хохирогч Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, цагдаагийн албан хаагчид зодуулснаа мэдүүлсэн байдаг. Гэтэл гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоо ажиллахгүй байгаагаас амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарч байна.
Гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоог яаралтай УИХ-д оруулж, батлах шаардлагатай. Цаг хугацаа алдах ёсгүй.
Хоёрдугаарт, цагдаагийн албан хаагч нар луугаа анхаарч ажиллах. Маш олон төрийн албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа. 2021 оны судалгаагаар цагдаагийн нэг албан хаагчид оногдож байгаа иргэдийн тоо 371 буюу олон улсын төвшнөөс маш өндөр ачаалал дунд цагдаагийн албан хаагч нар ажиллаж байна. Тогтолцооны хувьд, хууль эрх зүйн орчинд ч тэр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллах бололцоо нь байгаа юм уу гэдгийг эргэж хараад тогтолцооны хууль эрх зүйн реформоо хийх шаардлагатай.
Ардчилсан нам хүний эрхийг дээдэлдэг, хүний эрхийг хамгаалж явах ёстой улс төрийн хүчний хувьд энэ асуудал дээр зайлшгүй үр дүнд хүргэх талд ажиллана гэдгийг хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
-Маш харамсалтай хэрэг боллоо. Энэ бол зөвхөн нэг удаагийн үйл явдал биш. Ардчилсан нийгмийн амин сүнс бол хүний эрх, эрх чөлөө байдаг. Хүний эрх, эрх чөлөө хаана хамгийн их хэлмэгдэж, зөрчигдөж байгаа юм бэ гэдгийг шүүж харсаар багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ энэнд дорвитой арга хэмжээ авсангүй.
Төрийн хамгаалалтад байгаа, түр саатуулагдаж байгаа иргэн хамгийн том хамгаалалтад байж амь насаа алдана гэдэг бол маш том гажуудал байгаагийн илрэл юм.
Энэ талын мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэйгээр мэдээлнэ, эсвэл төрийн нууц гэдгээр халхавчилсаар бүх юм хаалттай явж ирсэн. Хаалттай юмны цаана муу муухай юм болоод байна. Тийм болохоор өнөөдөр энэ асуудлыг нээлттэй сонсгол хийж, ард түмэн нээлттэй сонсч, хуулийн байгууллагынхан, хохирсон хүмүүс нээлттэй ярьж байж, энэ асуудлын ард гарна. Нээлттэй сонсгол хийхийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс шаардах болно. Даруй хийх нь зүйтэй гэж бодож байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ