36 сургуулийн 23 мянган сурагч 3 ээлжээр хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2024.07.29-нд нийтлэгдсэн

36 сургуулийн 23 мянган сурагч 3 ээлжээр хичээллэнэ

36 сургуулийн 23 мянган сурагч 3 ээлжээр хичээллэнэ
36 СУРГУУЛИЙН 560 БҮЛГИЙН 23188 СУРАЛЦАГЧ ГУРВАН ЭЭЛЖИД ХИЧЭЭЛЛЭНЭ
Засгийн газрын Ажлын хэсэг 2023-2024 оны хичээлийн жилд ачаалал хэт өндөртэй гурван ээлжээр хичээллэх эрсдэлд орсон нийслэлийн ерөнхий боловсролын 47 сургууль дээр зохицуулалт хийн ажиллаж, 31.953 хүүхдээр суудлын тоог нэмэгдүүлж, 14 барилга байгууламжийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулжээ.
Урьдчилан тооцоолж байгаагаар улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 40 орчим мянгаар өсөхөөр байна.
Нийслэлийн Боловсролын газрын судалгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23188 суралцагч гурван ээлжид хичээллэх нөхцөл байдал үүсч байна. Мөн 2023-2024 оны хичээлийн жилд нийт 27 байршилд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг ашиглаж, гурван ээлжийн асуудлыг шийдвэрлэсэн. Харин 2024-2025 оны хичээлийн жилд 13 байршил дахь түрээсийн байрыг үргэлжлүүлэн ашиглаж, шинээр 16 байршилд түрээсийн байр нэмэхээр төлөвлөж байна. Үүнд:
  • БЗД: 11 сургууль /14, 97, 21, 111, 120, 68, 142, 30, 53, 69, 155-р сургуулиуд/
  • ХУД: 9 сургууль /15, 34, 59, 75,115, 130, 32, 52, 156-р сургуулиуд/
  • СХД: 5 сургууль /Хөгжил, 62, 122, 123, 154-р сургуулиуд/
  • БГД: 4 сургууль /141, 38, Оюуны ундраа, Эрдмийн өргөө сургуулиуд/ Ажлын хэсэг өнөөдрөөс дээрх байршлуудад ажиллаж эхэлнэ.
Үүний зэрэгцээ орон нутгийн хэмжээнд 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй долоон сургууль байна. Ховд, Төв, Дархан Уул, Хөвсгөл, Орхон, Дорнод аймгуудад ерөнхий боловсролын сургуулийн ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Нийслэлийн хэмжээнд 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй 22 сургууль байна.
БАГА АНГИЙН СУРАХ БИЧИГ 95-100 ХУВЬ, ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРАХ БИЧИГ 62 ХУВИЙН ХАНГАЛТТАЙ БАЙНА
2024-2025 оны хичээлийн жилд I, III-XI ангийн 115 нэр төрлийн 1,8 сая сурах бичгийг хэвлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрд 2024 оны зургадугаар сарын 10-28-ны өдрүүдэд хүргэжээ. Сурах бичиг түгээх үйл ажиллагааг "Монгол шуудан" ХК шалгарч, гэрээгээр гүйцэтгэсэн байна.
2023-2024 оны хичээлийн жилд "Сурах бичгийн бүртгэл, хяналтын цогц систем"-ийг үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн бөгөөд захирал, нягтлан, нярав, номын санч нарт зориулсан сургалтыг аймаг, дүүрэг тус бүр дээр зохион байгуулсан.
Бага ангийн сурах бичгийн хангалт 95-100 хувь, дунд, ахлах ангийн нөхөн хангалтын болон түрээсийн сурах бичиг 62 хувийн хангалттай байна. Салбар яамнаас 2023 оноос сурах бичиг худалдах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд эцэг эх, асран хамгаалагч нь дунд болон ахлах ангийн хүүхдэдээ сурах бичиг худалдан авахыг хүссэн тохиолдолд энэ холбоосоор орж захиалаарай. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар түрээсийн сурах бичгийн төлбөрийг тогтоосон бөгөөд ерөнхий боловсролын сургуулиуд Ажлын хэсэг гаргаж, 2021 оноос өмнө хэвлэгдсэн эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон сурах бичгийг актлах, дахин ашиглаж болох эсэх шийдвэрийг гаргаж ажиллахыг зөвлөж байна.
НИЙТ 292,359 ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ 
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүсэлт гаргасан хүүхэд нэг бүрийг цэцэрлэгт хамруулах Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг 2023-2024 оны хичээлийн жилд 33.925 хүүхдээр цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хамран сургалтыг 92.9 хувьд хүргэсэн гэдгийг Боловсролын яамнаас мэдээллээ.
Урьдчилан тооцоолж байгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 292,359 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 142,150 хүүхэд нь нийслэлд хамаарна.
2023-2024 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 99 барилга байгууламжийг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэсэн. Ажлын хэсэг есөн барилга байгууламжийн түрээсийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. Шинээр дараах байршлуудад цэцэрлэгийн зориулалттай байр түрээслэх хэрэгцээ үүсч байна. Үүнд:
  • БГД-ийн 26 дугаар хороо
  • БЗД 17, 26, 36, 31, 38, 39, 42 дугаар хороо
  • ХУД 8, 18, 21, 23 дугаар хороодод нийт 2913 хүүхдийг хамруулах 10 байрыг түрээсэлнэ. Ажлын хэсэг 2024 оны долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн эдгээр байршлуудад ажиллана.
Үүний зэрэгцээ орон нутгийн хэмжээнд 35-аас дээш бүлэг дүүргэлттэй 167 цэцэрлэг байна. Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймгууд СӨБ-ын хүртээмжид анхаарал хандуулах шаардлагатай. Нийслэлийн хэмжээнд 35-аас дээш бүлэг дүүргэлттэй 122 цэцэрлэг байна. Сонгинохайрхан, Баянзүрх, Хан Уул, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд цэцэрлэгийн бүлэг дүүргэлтийг бууруулах шаардлагатай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж