"Нотлох баримтгүй үндэслэлээр буруутгаж, олон сар явж байна"

Хуучирсан мэдээ: 2024.07.29-нд нийтлэгдсэн

"Нотлох баримтгүй үндэслэлээр буруутгаж, олон сар явж байна"

"Нотлох баримтгүй үндэслэлээр буруутгаж, олон сар явж байна"

НЭМЭЛТ:

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг 2024 оны долдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэхэд, шүүгдэгч Ж.Эрдэмбатын өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Б.Дөлгөөний өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч О.Лувсандагвын өмгөөлөгч Б.Гантөмөр нарын зүгээс шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Э.Ганхөлөгийн зүгээс биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт тус тус ирүүлсэн бол шүүгдэгч О.Хонгорзулын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын зүгээс мөн биеийн эрүүл мэндийн байдалтай холбогдуулан хилийн чанадад эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлснийг шүүхээс хүлээн авч шүүгдэгч А.Ганхуяг нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

НЭМЭЛТ:

Шүүгдэгч Ж.Сүхбаатар:

-Ажлын хэсгийн хүлээн авсан шинэ автобус нь төрийн байгууллагуудын зүгээс тавьсан шаардлагад зарим үзүүлэлт нь хүрэхгүй байсныг тухайн үед мэдэж, надад танилцуулсан. Би тэрийг нь мэдээд, хүлээгээд авчих гэж хэлсэн гэж намайг буруутгаж байгаа. Гэтэл одоо яриад байгаа 80 автобус талбай дээр танилцуулсан асуудал огт биш. Холбогдох комисс хүлээж аваагүй. Анх 2023 оны наймдугаар сарын 14-нд 20 автобус хүлээн авахад би оролцож, нөлөөлсөн гэх агуулгатай л буруутгагдаж байгаа. Үнэндээ тийм байсан бол юу гэж л тэр автобусыг 2023 оны аравдугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулах вэ дээ. Нотлох баримт байхгүй үндэслэлээр буруутгагдаж, олон сар явж байна.

Зохион байгуулалттай олон нийтий сүлжээгээр намайг яллаж байна. Надад айх ичих зүйл байхгүй. Сайдаар ажиллаж байсан учраас ёс зүйн хувьд хариуцлагаа хүлээж, ажлаа өгсөн.

Туг тахина гэж ярьдаг шүү дээ. Хамгийн том албан тушаалтан нь хэн бэ гэхээр нь сайд нь болж таарсан. Бүх мөрдөн байцаалт дууссан. Автобус хүлээн авах ажлыг сайд оролцдоггүй. Намайг утсаар үүрэг даалгавар өгсөн юм шиг л буруутгаж байна. Нэг хүний мэдүүлгээр л буруутгаж байгаа. Тийм үйлдэл хийгээгүй учраас нотлох боломжгүй. Аль эрт л энэ асуудлаа шийдэх байсан. Миний хувьд шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаагүй. Баталгаатай баримт байхгүй. Би цэвэр хуулийн хүн. Тэр баримт нь хаана байгаа юм бэ. Тодорхой улсууд шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, хойшлууллаа" гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу шүүх хурлыг 2024 оны наймдугаар сарын 12-ны 10.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргалаа.

НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ БОЛНО

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2024 оны долдугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагт буюу өнөөдөр товлосон. Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг долдугаар сарын 4-нд Барилга, технологийн политехникийн коллежийн байранд эхэлсэн. Учир нь нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд 24 шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын бүрэлдэхүүн багтахгүй учир өөр байранд хурлыг зохион байгуулж байгааг албаныхан мэдээлсэн юм.

"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш гурван удаа хойшилсон юм. Энэ хэргийг дөрвөн сарын өмнө /2024.03.11/ шүүхэд шилжүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосныг хуулийн байгууллагаас тогтоосон байдаг.

Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон талаар өмнө нь мэдээлж байв. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэдэг мэдээллийг өгсөн.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж