ОХУ-ын Засгийн газар дизель түлшнийхээ экспортыг хориглох асуудлыг хэлэлцэж эхэлсэн тухай өнгөрсөн долоо хоногт “Коммерсант" өдөр тутмын хэвлэлд мэдээлсэн нь Монгол Улсын хувьд шатахууныхаа нөөцөд анхаарал хандуулах шаардлагатайг сануулав.
Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны харьяа Ашигт малтмал газрын тосны газраас гаргасан 2024 оны долдугаар сарын 22-ний өдрийг хүртэлх газрын тосны бүтээгдэхүүний импортын мэдээллийг сонирхвол нийтдээ энэ он гарсаар 1,526.0 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Үүнээс А-80 автобензин 3.7 мянган.тонн, АИ-92 автобензин 472.3 мянган тонн, АИ-95/98 автобензин 12.9 мянган тонн, дизель түлш 878.1 мянган тонн, ТС-1 /онгоцны түлш/ 48.6 мянган тонн, Жет А-1 түлш 13.9 мянган тонн, бусад бүтээгдэхүүн 96.2 мянган тонныг тус тус импортолсон юм байна.
Улс даяарх шатахууны нөөцийг сонирхвол, долдугаар сарын 23-ны байдлаар баруун бүс 13,232 тонн, хангайн бүс 6297 тонн, төвийн бүсэд 44,168 тонн, зүүн бүс 9624 тонн шатахууны үлдэгдэл нөөцтэй байгаа юм.
Одоогоор улсын хэмжээнд шатахууны нөөц боломжийн ч хэрэв дээрх хориг т орвол түүнээс нь гарах гэж хамгийн багадаа сарын буюу 30 хоногийн ажил болж, хомстол үүсч байсан сургамж бий. Учир нь өнгөрсөн жилийн намар ОХУ –д ургац хураах ажил эхлэх үеэс түлшний эрэлт ихэссэн, мөн энэ үед нефть үйлдвэрлэгч компаниуд засвар үйлчилгээ хийсэн зэргээс үүдэж үнэ ч дотоодод нь өссөн тул ОХУ дизель түлшний экспортоо хоёр долоо хоног орчмын хугацаагаар зогсоосон. Хэдийгээр хойд хөрш Монгол Улсыг хоригтоо оруулаагүй ч татан авалт дээр асуудал үүссэнээр Улаанбаатар хот дахь шатахуун түгээх станцууд түлшээ хязгаарлалттай олгож, зарим нь дууссанаа мэдэгдэж жолооч нарыг сандаргаж байв.
Энэ асуудлын талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд асан Ж.Ганбаатар “ОХУ-аас арилжааны бензин, дизель түлшний экспортыг түр хугацаагаар хориглох тухай тогтоол гарсан. Гэхдээ энэ хоригт Монгол Улс ороогүй. Засгийн газраас шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан учир одоогийн байдлаар Оросоос Монгол Улсад нийт 154 вагон АИ-92 авто бензин орж ирээд байна. Нөөц хувьд хэвийн болж байгаа. Гол нь нийслэл болон орон нутаг руу тээвэрлэлт, хүргэлтэнд дор хаяж 2-3 хоног зарцуулагдаж байна. Ард иргэд хүлээцтэй хандах ёстой” гэж мэдэгдсэн юм.
Гэвч өвөл нь шатахуун тасалдаж, баруун аймгийнхан автомашинаар явах боломжгүй болж байв. Шатахуун тасалдсан шалтгааныг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд асан Ж.Ганбаатар “Хэдхэн хоног тэсчих, татан авалт хийнэ” гэж долоо хоног шахам ярьсаар бүтэн сар болж байв.
Жил бүр хэрэглээ нэмэгдсээр байгаа ч шатахуун нөөцлөх савгүйгээс асуудал үүсч байна гэдгийг ч тэрбээр онцолж байсан удаатай.
Энэ тухай сайд асан Ж.Ганбаатар “Хамгийн гол санаа зовоож байгаа зүйл бол нөөцийн сав. Бид хэдийгээр нөөцтэй байгаа ч асуудал гараад 10-20 хоноход улаан гэрэл асна. Монгол Улс шатахууны 40-50 хоногийн нөөц хадгалах савтай болох шаардлагатай.
Би бүх зүйлийг шийддэг сайд биш. Уул уурхайд хамаарах бүх асуудлыг би дангаар шийдэх боломжгүй. Нөөцийн савны асуудал надаас үл хамаарсан асуудал. Засгийн газрын хуралдаан болгон дээр л үүнийг ярьж байна” гэж учирлаж байв.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр мөн “Монгол Улсын шатахууны жилийн хэрэглээ 2 сая 400 мянган тонн. Монголчууд сар бүр шатахуунаа гадаадаас импортоор авдаг. Нийт нефтийн таталтын 91 хувийг хувийн компаниуд буюу ченжүүд хийж байна. Шатахууны заавал байх нөөц 150 мянган тонн. Гэтэл Засгийн газрын нөөцлөх боломж нь 11 мянган тонн. Хэрвээ хувийн компаниуд шатахуун татахаа зогсоовол Монгол Улсад тэг зогсолт үүснэ. Тийм учраас шатахууны агуулах барих шаардлагатай. Шатахуун хомсдоод ирэхээр бүх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Үйлдвэр барихаасаа өмнө нөөц бүрдүүлэлт дээр анхаармаар байна. 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын тогтоол гарч Монгол Улсад шатахууны нөөц бүрдүүлэх журам баталсан.
Журам батлагдсан байхад 2023 онд шатахууны хомстол яагаад үүсэв. Монгол Улсын шатахууны нөөцийг ченж нэртэй хэдхэн колонкууд бүрдүүлж байна. Энэ тогтолцооноос салах хэрэгтэй.
Гурван сарын хэрэглээг хангах боломжтой нөөцийн сав барих шаардлагатай” гэж мэдэгдэж байв.
Иймээс Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан дээрх асуудалд анхаарч татан авалтаа нэмэгдүүлэх боломж байгаа эсэх, нөөцийн савны багтаамж нэмэгдсэн эсэхээ тодруулахгүй бол нэг л өглөө босоод ирэхэд хойд хөрш хориг тавьчихвал намрын их ажлын үеэр бөөн асуудал үүсч мэдэхээр буй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ