Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай О Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэж нас барсантай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-оос өнөөдөр /2024.07.26/мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар:
-Харамсалтай мэдээ цацагдсан өдрөөс буюу долдугаар сарын 24-ний өглөөнөөс эхлээд ХЭҮК шалгах ажиллагааг явуулж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, III эмнэлэг, прокурор зэрэг байгууллагаас холбогдох мэдээллийг авч, ажиллаж байна. Энэ хүрээнд өчигдөр ШШГЕГ -ын харьяаХорих 461 дүгээр ангид хяналт шалгалтын ажиллагааг явуулсан.
Тухайн иргэн нь 2024 оны дөрөвдүгээр сарын 23-нд шүүхийн зөвшөөрөлгүй прокурорын зөвшөөрөлтэйгээр баривчлагдсан. Дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлээд шүүхийн шийдвэрээр гурван удаа цагдан хоригдож байсан.
Хоиргдож байх хугацаандаа буюу 2024 оны долдугаар сарын 11-нд хэвлийгээр өвдөж байна гэсэн өгүүлэмжтэйгээр тухайн хорих ангийн эмнэлэгт хандсан. Хорих ангийн эмнэлэгт эмчилгээ хийлгээд долдугаар сарын 13-нд хорих байр луу шилжсэн.
ХЭҮК-оос тухайн хорих ангийн камерын хяналтад үзлэг хийхэд долдугаар 22-ний 16:30 цаг орчимд тухайн иргэн хорих өрөөний 00-д байхдаа уналт таталт өгч байгаа бичлэг авагдсан. Анхны тусламжийг хамт хоригдож байсан иргэн үзүүлээд 1 минут 20 секундын дараа ШШГЕГ -ын албан хаагч анхны тусламжийг үргэлжлүүлэн хийж байгаа дүр зураг байна. 17:25 цагт Яаралтай тусламжийн эмч тусламж үзүүлсэн, 18:23 цагт Улсын III эмнэлэгт хүргэсэн. Тус эмнэлэгт хүргэгдэн очсоноос хойш 23 цагийн туршид эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд амь насаа алдсан харамсалтай нөхцөл байдал урьдчилан тогтоогдож байгаа.
Тухайн иргэний цагдан хоригдож байхдаа хүлээж авсан тэмдэглэл, эргэлт уулзалт, эмчилгээ авсан бүртгэл, хамт хоригдож байсан иргэд зэргээс авсан мэдээлэлд тулгуурлаад шалгах ажиллагааг хийж байна.
Илүү нарийвчилсан мэдээлэл, мөн мэдээллийг тэнцвэртэй байлгах зорилгоор хохирогчийн өмгөөлөгч болон ар гэр, эмчилгээ хийж байсан эмнэлгийн удирдлагаас мэдээлэл авна.
Хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын байгууллага, АТГ-т эрүүдэн шүүгдсэн асуудлаар хандсан энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар холбогдох мэдээллийг цуглуулж байна.
ШШГЕГ нь тухайн иргэнийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх хугацаанд гав хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Амь насаа хохироож болзошгүй гэдэг үндэслэлээр гав хэрэглэсэн гэж тайлбарласан. ХЭҮК нь эмнэлгийн үйлчилгээ авч байх хугацаанд гав хэрэглэсэн нь хүнлэг бус харьцаа гэж дүгнэж байна" гэлээ.
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа:
-Тогтолцооны хувьд цаашид юуг анхаарах ёстой вэ гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгч байна.
ХЭҮК нь энэхүү хэрэг дээр эрүү шүүлт, төрийн албан хаагчийн буруутай ажиллагаа байсан уу гэдгийг тогтоохын зэрэгцээ цаашид ийм нөхцөл байдал үүсгэхгүй байх талаар байр сууриа тууштай илэрхийлэх ёстой.
ХЭҮК нь өнгөрсөн хугацаанд эрх бүхий албан тушаалтанд байнга сануулж ирсэн асуудал нь эрүү шүүлтийн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах тогтолцоо Монгол Улсад байхгүй байна.
Энэ хэргийг ЦЕГ, АТГ, ТЕГ гэсэн байгууллагууд тойргоор шалгаж байгаа нь үр дүнтэй тогтолцоо болж чадахгүй байна гэсэн тогтолцооны асуудлыг байнга тавьж ирсэн, цаашид энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах болно.
Хлёрдугаарт, эрүү шүүлт гэж юу юм бэ гэдэг талаар, энэ гэмт хэргийн хор уршиг, эрүү шүүлт, хэрцгий хүнлэг бус харьцаа, хүний нэр төрийг доромжилсон харьцаа гэдэг энэ үйлдлүүдийн учир холбогдлыг хуулийн байгууллагын ажилтнууд төдийлөн сайн ойлгож мэдэхгүй байгаа нь хэргийг шалгах ажиллагаанд соён гэгээрүүлэх, сургалт боловсролтой холбоотой асуудал хөндөгдөж байна.
ХЭҮК-д эрүүдэн шүүгдэхээс урьдчилан сэргийлэх механизм байгуулагдсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүний эрх чөлөө хязгаарлагдсан хорих анги, сэтгэцийн эрүүл мэндийн төв, асрамжийн газар зэрэг байгууллагад эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, зөвлөмж өгсөн.
Мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллага руу онцгойлон анхаарах шаардлагатай байна. Энэ чиглэл рүү сургалт сурталчилгааг чиглүүлэх шаардлага байгаа тул бид үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ.
Энэ эмгэнэлтэй, олон нийтийг цочроосон мэдээллийг түгээхэд хүний эмзэг мэдээлэл, ял шийтгэлийн талаарх мэдээлэлд холбогдох байгууллагууд анхаарах шаардлага байна” гэлээ.
Холбоотой мэдээ