Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-оос мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд, цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн Б.О нь 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн ирж, нас барсанд ХЭҮК гүнээ харамсч байна. Талийгаачийн гэр бүл, ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлье.
Хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хараат бус хяналт тавих чиг үүрэгтэй үндэсний байгууллагын хувьд ХЭҮК энэ хэргийн талаарх мэдээлэл гарсан даруйд эрүү шүүлт, хэрцгий, хүнлэг бус харьцаа, хүний амь насыг хамгаалах үүргээ төрийн албан хаагч биелүүлээгүйн улмаас иргэн Б.О амь насаа алдсан эсэхийг тогтоох ажиллагааг гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагуудаас ангид эхлүүлсэн болно" гэжээ.
Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр мэдэгдэл нэртэй сүржин уриалга төдийхөн гаргадаг жишгээгээр удаах мэдэгдлээ гаргасан нь энэ. Өнгөрсөн хугацаанд Монголд нийгмийг бухимдуулж, сэтгэл эмзэглүүлсэн хүний эрхийг ноцтой зөрчсөн олон асуудал дуулиан дагуулахад ХЭҮК нүдэн балай, чих нь дүлий өнгөрөөж ирсэн. ХЭҮК хийсэн ажлаа УИХ-ын нэгдсэн чуулганы индэр дээр танилцуулдаг л байгууллага болсон гэдгийг олон нийт шүүмжилж байна.
ХЭҮК-оос иргэн Б.О төрийн албан хаагчийн буруугаас амь насаа алдсан тохиолдолд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээг авах болно. Мөн талийгаачийн гэр бүлийн гишүүдэд боломжит дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэхийн хамт энэ хэргийг шалгах ажиллагааны явцад тэдэнд дэмжлэг үзүүлж, ил тод ажиллахыг эрх бүхий байгууллагуудад уриалж байна гэжээ.
Уг нь аль ч улс төрийн нам, хуулийн байгууллагаас илүүтэй ХЭҮК хүний эрхийн асуудалд мэдрэмжтэй хандаж, түрүүлж дуугардаг баймаарсан. Эрдэнэт хүний, хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлд орж, нас барсны дараа л албан мэдэгдэл гаргаж, эмгэнэл илэрхийлдгээ больмоор байна.