Цагдаа нар холбогдсон "илэрдэггүй" хэргүүд

Хуучирсан мэдээ: 2024.07.26-нд нийтлэгдсэн

Цагдаа нар холбогдсон "илэрдэггүй" хэргүүд

Цагдаа нар холбогдсон "илэрдэггүй" хэргүүд

Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Иргэд миний цагдаа намайг хамгаална гэж итгэдэг. Тиймдээ ч хохирсон, ядарсан үедээ цагдаад ханддаг. Харамсалтай нь, хохирогчийг хамгаалах цагдаа авлига хээл хахууль, хүчирхийлэл, хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэг хэрэгт холбогдож байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулав. Сүүлийн нэг жил цагдаа нар холбогдсон хэд хэдэн хэрэг гарсан ч нэгээс бусдыг нь хэрхэн шийдсэн эсэх нь тодорхойгүй байна.


13 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ЦАГДААД 12 ЖИЛИЙН ЯЛ ОНООВ

Цагдаа нар 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй гэмт хэрэг Сэлэнгэ аймагт 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр гарсан. Хэргийн шүүх хурал өчигдөр болж, цагдаад 12 жилийн ял оноолоо. Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс гаргасан саналын дагуу Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг хянаж, Авлигатай тэмцэх газарт харьяалал тогтоон шилжүүлсэн байдаг.

ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга Н.Мишигдорж:

-Сүүлийн үед цахим орчинд цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчидтай холбоотой мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагын дотоод хяналт, аюулгүй байдлын газар нь хараат бус үйл ажиллагаа явуулдаг нэгж. Насанд хүрээгүй хүнтэй алба хаагчид бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй гэх мэдээллийг бид өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлж, холбогдох албан шалгалтыг явуулж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж Тусгай субьектын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлж, одоо мөрдөн шалгаж байна.

Хэрэгт холбогдсон цагдаа нарыг албанаас чөлөөлж, албан үүргийг түр хугацаанд түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гол зарчим бий. Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг бүрэн илрүүлж, гэм буруутай этгээдэд ялыг шударгаар оногдуулж, гэм буруугүй хэнд ч хариуцлага тооцохгүй. Хэрэв алба хаагчид гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага өмөөрөх ёс зүй байхгүй гэж мэдээлж байсан.

ГОВЬ-АЛТАЙД ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ 16 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ХЭРЭГ ГАРСАН

Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын алба хаагч орон нутгаас ирсэн өөрийн хамаатны 16 настай охиныг удаа дараа хүчирхийлсэн гэх хэрэг 2024 оны гуравдугаар сард гарсан. Тухайн үед энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэдэг мэдээллийг өгч байсан.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэжигтэн этгээд нь аймгийн төвд мэргэжил сургалтын төвд суралцахаар ирсэн дүүгээ өөрийн дотны найз гэх хоёр алба хаагчийн хамтаар хүчирхийлж байсан байж болзошгүй гэх мэдээллийг мэдээлж байв.

Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өгөхдөө "Тухайн хүн нь Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт ажиллаж байсан. Одоо цагдаагийн байгууллагын алба хаагч биш. Хохирогчийн ар гэрийнхэн гомдол мэдээлэл гаргасны дагуу мөрдөн шалгаж байгаа. Цагдаагийн алба хаагчид бүлэглэн хэрэг үйлдээгүй" гэдэг тайлбарыг өгч байсан.

"АХМАД АЛБАН ХААГЧ ШАН ХАРАМЖ АВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭСЭН ҮЙЛДЭЛ ИЛЭРСЭН"

Цагдаагийн байгууллагаас 2023 оны зургадугаар сард З, С, Т нарт холбогдох цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд явуулсан гэж мэдээлсэн. Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагад өмнө нь ажиллаж байсан Б нь гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, хэргийг 2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Дотоод хяналт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар:

-Манай Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанд ажилладаг алба хаагчид цахим мөрийтэй тоглоомд нэр холбогдсон талаар зарласан. Цахим мөрийтэй тоглоомын үйлдсэн гэмт этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулахад цагдаагийн алба хаагчийн нэр ус холбогдсон. Бид хуулийн хүрээнд эрх бүхий Мөрдөн байцаах албаны тусгай субъектын гэмт хэрэг үйлдсэн хэлтэст шилжүүлэн шалгаж байна. Цагдаагийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж байгаа. Залуу алба хаагчийг албан үүргийг түдгэлзүүлэх эсэхийг прокурорын байгууллага үнэлж, шийдвэрлэнэ. Шалгах ажиллагаа гэм буруутай, гэм буруугүй эсэх материалыг бүрдүүлж, дүгнэдэг учраас цахим сүлжээгээр тодорхойлох боломжгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явц гэдэг маань тухайн этгээдийн гэм буруугийн асуудлыг эцэслэн тогтоох ёстой. Үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчийн ард гэр бүл, амьдрал, нийгмийн харилцаанд оролцох эрх байгааг тооцож, мэдээллийг олон нийтэд хүргэхийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна.

Мөн цагдаагийн албанд ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан Б гэгч алба хаагчийн тухай мэдээлэл гарсан. Тусдаа асуудал. Цахим гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд чиглэсэн хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад ахмад албан хаагчийн нэр дурдагдсан. Цагдаагийн алба хаагчид хууль бусаар нөлөөлсөн, нөлөөлөлд автагдаж, шан харамж авсан байж болзошгүй гэсэн үйлдэл илэрсэн учраас харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр аравдугаар сард шилжүүлсэн. Үндсэн хуульд заасан шүүхийн байгууллагын эцэслэн шийдвэрлэх тогтоолгүйгээр хэн нэгнийг гэм буруутайд тооцохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Цагдаагийн албанд мянга мянган алба хаагчид ажилладаг гэдгийг ойлгох нь чухал гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж