Украинд тулалдах хүмүүсийн тоог нэмэхийн тулд Москвагийн эрх баригчид иргэддээ 22,000 ам.доллар амлаад байна. Оросын Украинд явуулж буй цэргийн түрэмгийлэл гуравдах жилдээ үргэлжилж байгаа бөгөөд хүчээ нэмэгдүүлэх сүүлийн бодлого нь энэ бололтой. Москва хотын дарга Сергей Собянин цэргийн албанд элсэх гэрээнд гарын үсэг зурсан даруйд 22,000 ам.доллар олгох болсон талаар Мягмар гаригт мэдэгджээ. Мөн цэрэгт элссэн хүн эхний жилдээ 59,600 ам.долларын орлого олох боломжтойг онцолсон байна.
Мөн Украинд тулалдаж байхдаа бэртсэн тохиолдолд бэртлийн зэргээс хамааран 5,690-11,390 ам.долларын нэг удаагийн бэлэн мөнгө олгох юм байна. Харин байлдааны үеэр амь үрэгдсэн тохиолдолд ар гэрийнхэнд нь 34,150 ам.доллар төлнө.
Дайны талбарт хэдэн орос цэрэг амь үрэгдсэн талаар албан ёсны тоо баримт байхгүй. Гэхдээ уг тоо өндөр байна гэх албан бус хариултыг эрх баригчид өгөөд буй. Зөвхөн тав болон зургадугаар сард гэхэд 70,000 гаруй цэрэг амь үрэгдэж, шархадсан байх магадлалтайг Их Британийн батлан хамгаалах яам долдугаар сарын 12-нд мэдээлсэн. Тодруулбал, Харьков мужид болсон байлдааны үеэр хамгийн их цэрэг амь үрэгдсэн байх магадлалтай.
АНУ-ын тагнуулын албаны мэдээлснээр, өнгөрсөн арванхоёрдугаар сард Орос хуурай замын цэргийнхээ 87 хувийг, нийт танкныхаа гуравны хоёр хувийг алдсан гэх тооцоо гарсан. Гэхдээ энэ мэдээллийг Оросын тал няцаасан ч албан ёсны хариулт өгөөгүй юм.
Бодит дайны нөхцөл байдлыг харуулсан дроны бичлэг дээр орос цэргүүд амь үрэгдэж буй харуулсан байдаг. Цөөн тооны цэргүүдтэй ч Оросын хүчийг буталж чадсан гэх Украины генералууд дайн хурдан дуусахыг хүсч байна. Гэсэн хэдий ч олон улсын энх тайвны болон гал зогсоох хэлэлцээрт нэг ч ороогүй Путин цэргийн хүчээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаа нь геополитикийн хурцадмал байдал дуусах болоогүйн шинж аж.

Дайны фронтод нас барагсдын тоо өсөж байгаа ч Кремль Украины талбар бүрт илгээх цэрэг эрсийг хайж байна. Өмнө нь арванхоёрдугаар сард Кремлээс нийтэлсэн зарлигийн дагуу тус улсын цэргийн тоог 170,000 нэмэгдүүлсэн. Оросын цэргийн албан хаагчдын тоог 2,2 сая гаруйд хүргэхийн тулд Путин уг тушаалыг гаргасан байна. Энэ нь Оросын армийн тоог 15 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэж байгаа юм.
Путин анх 2022 оны есдүгээр сард Оросын иргэдийг нэн даруй "хэсэгчилсэн дайчлах" тушаал өгсөн. Дайчилгааны хүрээнд цэргийн нөөцөд байгаа иргэдийг болон цэргийн туршлагатай хүмүүсийг цэрэгт татдаг байсан.
Цэрэг татлагын кампанит ажил нь Оросын үндэстний цөөнхийн бүс нутагт ширүүн жагсаалыг өдөөж, дайнд оролцохгүйн тулд цэргийн насны эрчүүд эх орноосоо дүрвэсэн юм.
Хэдийгээр 2022 оны арваннэгдүгээр сард албан тушаалтнууд 300,000 албан хаагч элсүүлэх зорилт биелсэн гэж мэдэгдэж, дайчлах кампанит ажлыг түр зогсоосон ч Орос улс хилийн чанадаас Украинд байлдахаар дайчдыг элсүүлсэн хэвээр байна. Орос Украин дахь дайнд оролцуулахаар 15,000 Непал иргэнийг цэрэгт элсүүлсэн бөгөөд тэдний олонх нь шархадсан, эсвэл сураггүй алга болсон. "CNN"-д ярилцлага өгсөн Балбын нэгэн цэргийн хэлснээр Афганистан, Энэтхэг, Конго, Египетийн шинэ цэргүүд Оросын цэргийн академиудад сургагдаж байгаа юм.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
3,593.62





















































Холбоотой мэдээ