Хичээлийн шинэ жил эхлэхэд сар гаруйн хугацаа үлдээд байна. Ерөнхий боловсролын сургуулиудад тулгамддаг гол асуудал бол багш нарын хүртээмж, чанарын асуудал байдаг. Энэ жилийн тухайд орон даяар нийтдээ 4200 гаруй багшийн орон тоо дутагдалтай байгаа аж. Үүнд ямар зохицуулалт хийж байгаа талаар Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Г.Мөнхбилэгээс тодрууллаа.
-Хичээлийн шинэ жил удахгүй эхэлнэ. Улсын хэмжээнд багшийн хүртээмж, нөөц ямар байна вэ?
-2023-2024 оны хичээлийн жилд 871-н Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-д 37 мянга орчим багш ажилласан. Харин ирэх 2024-2025 оны хичээлийн жилд 890 орчим сургуульд 40 мянган багш ажиллах төлөвтэй байна. Үүнтэй уялдуулан долдугаар сард хийсэн тоон судалгаагаар ЕБС-д 4200 багш дутагдалтай байна. Үүний 2400 орчим нь Улаанбаатар хотод шаардлагатай гэсэн урьдчилсан судалгаа гарсан.
-Багшийн хүртээмжийг сайжруулах, хомсдолыг шийдвэрлэх тал дээр ямар зохицуулалт хийх вэ?
-Монгол Улсын Засгийн газраас 2024 онд “Багшийн гурван тулгуурт бодлого” цогц хөтөлбөрийг баталсан. Үүнтэй холбоотой цогц арга хэмжээгээр багшийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанаржуулах тал дээр хоёр үндсэн чиглэлийн хүрээнд ажиллаж байна. Түүнчлэн Засгийн газар шинээр байгуулагдсан тул Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багшийн нөөц, хангамжийг сайжруулах, хомсдолыг шийдвэрлэх зорилтуудыг тусган ажиллаж байна. Ойрын хугацаанд бид багшаар ажиллах боломжтой хүмүүсийг мэргэшүүлэх тал дээр анхаарч байна. Мөн багшлах эрх олгох хялбаршуулсан сургалтуудын тогтолцоог боловсролын салбарын хэмжээнд бий болгоно. Ингэснээр их дээд сургууль болон шинжлэх ухааны чиглэлүүдээр мэргэжил эзэмшсэн хүмүүс багшлах эрхийн сургалтуудад хамрагдаж ЕБС-д багшлах боломжтой болно гэж тооцож байна. Мөн тэтгэврээ тогтоолгоогүй, гавьяаныхаа амралтад байгаа багш нарын эрүүл мэндийн байдал болон өөрийн хүсэлтийг харгалзан ЕБС-д үргэлжлүүлэн ажиллуулах боломжийг судлан, шийдвэрлэж байна.
"Багш" хөтөлбөрөөр суралцаж байгаа төгсөх курсийн оюутнууд мөн цалинтай ажиллах боломж хуулийн хүрээнд нээгдсэн. Уг зохицуулалтын хүрээнд энэ жил гурав болон дөрөвдүгээр курсын 3000 гаруй оюутан ажиллаж байна.
Мөн хүүхэд асрах чөлөөтэй байгаа багш нар богино хугацаагаар ажиллах боломжтой эсэх зохицуулалтыг хийнэ. Эдгээр зохицуулалтыг хийснээр тодорхой хэмжээний хомсдолыг нөхөх боломжтой гэж үзэж байна. Мөн багш мэргэжилтэй ч өөр салбарт шилжин ажиллаж байгаа хүмүүс цөөнгүй бий. Эдгээр хүмүүсийг эргэн боловсролын салбартаа үндсэн болон цагаар ажиллах боломжуудыг нээхээр зохицуулалт хийнэ. Тиймээс багш нарын хомсдолыг шийдвэрлэх боломжтой гэж тооцож байна. Багшийн хомсдол ойролцоогоор жилд 10 хувьтай байдаг. 2028 гэхэд үүнийг 4 хүртэлх хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.
-Ямар чиглэлийн багш илүү дутагдалтай байна вэ?
-Судалгаагаар бага ангийн болон англи хэл, математикийн багш нар нэлээд дутагдалтай харагдаж байна. Энэ онд багш мэргэжлээр их, дээд сургуулиа төгсөж байгаа 2471 төгсөгч байна. Үүний 519 нь сургуулийн өмнөх боловсрол, 484 нь бага ангийн багш мэргэжилтэй. Тиймээс хэдий багш хомсдолтой байгаа ч гэсэн тодорхой хэмжээний эрэлтээ хангачих болов уу.
-Багшийн хүртээмж, хүний нөөцийн тогтворгүй байдал зэрэг нь сурагчдын сурлагын чанарт нөлөөлдөг үү?
-Багшийн хүрэлцээ хангамжийг сайжруулснаар сурагчдын сурлагын чанар мэдээж сайжирна. ЕБС-ийн чанарыг дотоодын болон олон улсын байдлаар үнэлдэг. Өнгөрсөн 2022 онд Монгол Улс анх удаа олон улсын чанарын үнэлгээнд орж, үр дүнгээ 2023 онд сонссон. Мөн дотоодын чанарын үнэлгээг үе шаттай зохион байгуулдаг. 2025 дахин олон улсын чанарын үнэлгээнд хамрагдахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна.
Холбоотой мэдээ