Монголын "The MongolZ" багийн амралт дуусч, "Counter Strike 2"-ийн тэмцээн уралдаанаар арвин байна. Тэд хэдхэн хоногийн өмнө Саудын Арабын Эр-Рияд хотод болсон цахим спортын дэлхийн аваргад есдүгээр байр эзэлж, 25 мянган ам.долларын эзэд болов. Ингэхдээ "G2", "Furia" хоёрт тахим буулгаж, "M80", "MIBR" багуудыг буулган авчээ. Энэ амжилтаараа ч "ESL"-ийн дэлхийн чансаанд байр ахиж, аравдугаар байрт бичигдэж эхэллээ. Тэд өмнө 11 дүгээр байрт байсан бөгөөд шинэчилсэн чансаагаар нэг байр ахиж, дэлхийн топ арван багийн нэг болов.
Харин "HLTV"-ийн чансаанд 12 дугаар байрт бичигдэж байна.
"ESL" болон "HLTV"-ийн чансааг Украины алдарт "NaVi" буюу "Natus Vincere" баг тэргүүлж буй. Тэд Эр-Рияд хотноо болсон цахим спортын дэлхийн аваргын "CS2" төрөлд түрүүлсэн амжилтаараа дэлхийн номер нэг болжээ. Харин "MOUZ" баг хоёрдугаар байрт бичигдэж явна.
"The MongolZ" өнөөдөр/2024.07.23/ шинэ аяллаа Энэтхэгийн Мумбай хотод эхлүүлж байна. Нийт 300 мянган ам.долларын шагналын сантай "Skyesports Championship" тэмцээнд 12 баг оролцож байгаа бөгөөд чансаагаараа "The MongolZ" тэргүүлж байна. Аналист, мэргэжилтнүүд ч тэднийг түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэж байгаа. Тэд өнөөдөр эхний тоглолтоо 14:30 цагаас Энэтхэгийн "True Rippers" багтай хийх бол хоёр дахь тоглолтоо 17:30 цагаас Оросын "PARIVISION" багтай хийнэ.
Сайны хажуугаар саар гэгчээр "Skyesports Championship" тэмцээний зохион байгуулалт асуудал дагуулж байна. Тоглогч бүрийн компьютер өөр, өөр байгаагаас гадна төдийлөн ашигладаггүй "Samsung"-ийн 240 герцийн дэлгэц, FPS нь 200 байгаа аж. Мөн тоглогчдын буудлын өрөөнд зассан ширээ болон хулганы пад нь хуучных гэнэ.
Холбоотой мэдээ