Сэлбэ, Дунд голын дагуу ургасан бургас модыг зөөх, шилжүүлэн суулгах талаар яриа гарсан даруйд иргэдийн шүүмжлэлийг дагуулж эхэлсэн. Тодруулбал, нийслэлд зургадугаар сарын 18-22-ны өдрүүдэд орсон борооны улмаас Тэрэлж, Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 18-82 см нэмэгдэж, үерийн нөхцөлд хүрсэн.
Тиймээс нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Сэлбэ, Дунд гол дагуух аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, бургас мод, лаг шаврыг цэвэрлэхээр шийдсэн байдаг. Ийнхүү зургадугаар сарын 21-нд “Ривер вилла” хотхоныг барьсан “Эко констракшн” ХХК, “Их наяд” худалдааны төв, “Акуа гарден”, “АПУ” ХК, “Уран ган” төв зэрэг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай зөвшилцөн, Сэлбэ, Дунд гол дагуух лаг хагшаас цэвэрлэх ажлыг эхлүүлсэн билээ.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Сэлбэ, Дунд голын дагуух бургас, мод бутыг зөөх ажлыг хийж дууссан байв. Харин Сэлбэ голын голдирлын урсацыг нэмэгдүүлэх 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийж гүйцэтгэх ажил үргэлжилж байлаа. Уг далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх наймдугаар сарын 20-нд улсын комисст хүлээлгэж өгөх юм. Биднийг “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд очиход үерийн түшиц хана барих ажил ид өрнөж байв.
Барилгын талбайн ажилчдын өгсөн мэдээллээр үерийн далангийн ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна.
БУРГАС ЗӨӨХ АЖЛЫГ ОРШИН СУУГЧИД ДЭМЖИВ
Бургас, мод бутыг зөөх ажлыг иргэд эсэргүүцсэн гэх мэдээлэл сошиал орчинд сэвэгдсэн. Гэвч Сэлбэ, Дунд голын дагуух орон сууцны хорооллын оршин суугчдын хэлж буйгаар лаг хагшаасыг зөөж, цэвэрлэснээр үерийн эрсдэл багассан эерэг үр дүн гарчээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны иргэн Б-гийн хэлж буйгаар “Ойрын өдрүүдэд орсон үргэлжилсэн борооны улмаас эрсдэл үүссэнгүй. Нийслэлээс хийж буй ажлууд нөлөөлөв үү гэж харж байна. Ер нь бороо орох болгонд айдастай байдаг. Үерийн далан барих ажил хийж эхэлснээс хойш бага ч болов тайвширсан гэж хэлж болно. Энэ олон жил ургаад ой шахуу болсон бургас, бутыг зөөх ажлыг дэмжиж байгаа. Олон жил хогондоо дарагдсан бургаснуудыг одоо зөөх гэлээ гэж шүүмжлээд байгаа хүмүүсийг ойлгохгүй байна” гэв.
"БУРГАСЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЗӨӨНӨ"
Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү “Бид энэ бургасыг шинжлэх ухааны үндэстэй зөөнө. Байгаль орчны дүгнэлт нь гарсан байгаа учраас энэ дүгнэлтийн дагуу зөөнө. Иймээс Сэлбэ голын далан, шугам сүлжээнд байгаа бут сөөгийг гурван байршилд зөөхөөр болсон гэж мэдээлсэн. Гэвч бургасыг нүүлгэн шилжүүлсэн ч ургах боломжгүй гэж үзсэн тул Цагаан давааны хогийн цэг рүү ачжээ. Сэлбэ, Дунд голын доторх бургасыг есөн тэрбум төгрөгөөр зөөж шилжүүлэхээр болсон гэх мэдээдэл бий.
Үерийн хамгаалалтын далан доторх бургас, бусад мод бутыг зөөснөөр үерийн даланг 1-1.5 метр гүн болгож, ус урсан өнгөрөх багтаамж хоёр дахин нэмэгдэх юм.
Хэрэв энэ ажлыг хийхгүй бол Нарны зам дагуух томоохон хотхон хороолол, барилга орон сууц үерт өртөх өндөр эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан тухай мөн нийслэлээс мэдээлж байсан билээ.
ҮЕРИЙГ ХУРДАН УРСАЖ ӨНГӨРӨХ ТУСАМ ХОХИРОЛ БАГА АМСАНА
Гол дагуу ургасан бургас модыг өөр газар шилжүүлснээр голын урсац сайжирч үерийн хохирол бага байгаа талаар оршин суугчид хэлсэн. Тэгвэл уг ажлын төлөвлөлт судалгааг хийж буй Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзоригийн өгсөн мэдээллээр, "1966 онд Улаанбаатар хотод үерийн гамшиг болсон. Тухайн үед амьдарч байсан ахмадууд мэдэж байгаа байх. Сэлбэ, Дунд голууд нийлчихсэн. Тиймээс үүнтэй нийцүүлж үерийн далан барих, суурьшлыг бий болгох, барилга байгууламж барих ажлуудыг хийж эхэлсэн байдаг.
Одоо бол Сэлбэ, Дунд голын голдирлыг өөрчлөх ямар ч боломж байхгүй. Тиймээс Улаанбаатар хот дундуур урсаж байгаа 20 гаруй километр голын үерийг яаж өнгөрөөх вэ гэдэг асуудал тулгараад байна.
Энэ тал дээр өнгөрсөн дөрвөн жил инженерүүд судалгаа хийж анх удаа 21 километр Сэлбэ голыг яаж үерээс хамгаалах талаар дүгнэлт гаргасан.Үерийг өнгөрөөхийн тулд нэгдүгээрт Сэлбэ голын хөндлөн огтлолцлын талбайг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Үүнийг өргөн болгохын тулд бид хийж болох бүх ажлыг хиймээр байна. Ойр орчмын барилгуудыг нураамаар байна. Гэхдээ өнөөдөр ямар ч шүүх, ямар ч засгийн газар үүнийг хийж чадахгүй. Нийгэмд илүү их бухимдал үүсгэнэ. Тиймээс өргөсгөх боломжгүй учраас хамгаалалтын далан барьж өндөрсгөх хэрэгтэй байна.
Түүнчлэн голын ёроолыг доош нь ухах шаардлагатай. Олон улсад хэрэглэдэг аргуудыг л бид ашиглаж төлөвлөлтөө хийж байна. Тиймээс хамгийн эхний арга хэмжээ бидний зурж, төлөвлөснөөр Сэлбэ гол дагуух голын голдирлыг ёроол орчимд нь ухаж доошлуулаад тэгшлэх шаардлагатай. Төмөр бетон босоо том хана барих учраас нүсэр ажил, хөрөнгө их орно. Нэг хэмжээнд болгоно гэсэн үг. Ингэхдээ гол дотор ургасан бургасыг бүгдийг нь авах шаардлагатай.
Бургас болон бусад саад их байх тусам үерийн урсацыг сааруулдаг. Хурдан урсгаж өнгөрүүлэх тусам хохирол бага амсана.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр бургасыг шилжүүлснээр ямар нэгэн эко системд сөргөөр нөлөөлөх байдал бага, бараг байхгүй гэсэн дүгнэлтийг “Би Жи Эм Дистрибюшн” буюу “BGE” үнэлгээний компани гаргасан. 1980 оны үед Сэлбэ, Дунд голд нэг ч бургас байгаагүйг тэр үеийн хүүхдүүд, залуучууд сайн мэднэ. Байнга үерлэж маш ширүүн урсгалтай байсан шүү дээ" гэв.
Сэлбэ, Дунд гол дагуу даланг хоёр үе шаттай хийж байжээ. Тодруулбал, далангийн эхний хэсгийг анх 1980 онд барьж байсан бол сүүлийнхийг нь 2011 онд барьсан түүхтэй. Энэ хугацаанд ямар ч цэвэрлэгээ хийгээгүй бөгөөд энэ жил анх удаа бүрэн хэмжээний цэвэрлэгээ хийж, голын урсацыг сайжруулах арга хэмжээ авч буй нь энэ юм.
Гэрэл зургийг О.Болорсувд
Холбоотой мэдээ