Өвөрхангай аймагт жил бүр таван төрлийн эвент зохион байгуулдаг байна. Үүний нэг нь “Сарлагийн баяр” юм. "Сарлагийн баяр" бэсрэг наадам долдугаар сарын 23-нд болно. Монгол сарлагийн онцлог, хариулга маллагаа, уналга эдэлгээний уламжлалт өв соёлыг сурталчлах, түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдээр хийсэн брэнд бүтээгдэхүүн, цагаан идээ болон эдлэл хэрэглэлийг танилцуулах зорилготой уг баярыг 15 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус наадам нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан цутгалангийн хүрхрээнээс баруун хойш 8 км-т Өндөр Хясаа гэх газарт болох аж. Сарлагийн баяраар сарлаг бугуйлдах, булгиулах, уралдуулах болон сайхан сарлагтай хосыг шалгаруулж, сайхан бух шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулах юм байна. Энэ үеэр сарлагийн гаралтай бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. Мөн сарлагийг уналга, ачилгад ашиглах монгол уламжлал, арга барилыг жуулчдад сонирхуулдаг. Аялал жуулчлалыг татах энэхүү арга хэмжээг дотоод, гадаадын аялагчид ихээр үзэж сонирхдог байна.
С.Нинжжаргал
Холбоотой мэдээ