Олимпийн наадмын үеэр л олон гайхалтай түүхийн эзэд тодорч, дэлхий нийтийг алмайруулдаг. Тэгвэл Чжин Цзэн гэх Хятад гаралтай Чилийн ширээний теннисний тамирчин 58 насандаа анхны олимпдоо оролцох гэж байна. Гуанжоу хотоос гаралтай тэрбээр багаасаа л ширээний теннисний спорттой холбогдсон бөгөөд түүний ээж дасгалжуулагч байжээ.
Угтаа Чжин Цзэн 17 насандаа Хятадын шигшээ багт дуудагдсан ч ширээний теннисний спортод дүрмийн өөрчлөлт гарч, тамирчдын цохиур заавал хоёр өөр өнгийн резинэн наалттай байх ёстой гэж заасан учир Цзэн энэ өөрчлөлтөд дасан зохицож чадалгүй шигшээ багаасаа зодог тайлсан гэнэ. Энэ талаар тэрбээр "The Guardian"-д өгсөн ярилцлагадаа "Тэр дүрэм миний тоглолтыг алсан. Би өөрийгөө техникийн хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч сул дорой гэдгээ мэдэрсэн" гэв.
Ид үедээ Чжин Цзэн Хятадад чансаагаараа гуравдугаарт бичигдэж байлаа.
1989 онд Чили улсаас Цзэнд дасгалжуулагчийн ажил санал болгосон аж. Тэрбээр дуртайяа зөвшөөрч, нэг хэсэг дасгалжуулагчийн ажил хийн дараа нь хоёр хүүхдийн ээж болж, тус улсад суурьшин тавилгын бизнесээ эхлүүлжээ. Цзэн Чилийн ширээний теннисний шигшээ багт хүчээ сорих бодолгүй байсан боловч цар тахал түүний бодлыг өөрчлөв. Цар тахлын үеэр хөл хорионд орсон Цзэн гэртээ ганцаараа ширээний теннис тоглож, эргэн энэ спортдоо дурлаж эхэлсэн гэлээ.
Ширээний теннисээс зодог тайлаад 20 гаруй жилийн дараа Цзэн Чилийн шигшээ багийн хамтаар 2023 оны Пан-Америкийн наадамд оролцож, хүрэл медаль хүртэв. Түүний нэр алдар ч Чили даяар түгж, "Тиа Таниа", "Авга эгч Таниа" гэх нэрээр алдаршжээ. Сайн тоглолт, амжилтынхаа ачаар Цзэн Америкийн бүс нутагтаа шилдэг наймд шалгарч, ирэх Парисын олимпод Чили улсыг төлөөлөхөөр болжээ.
Цзэн одоогоор Чили улсдаа бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа бөгөөд ажлын өдрүүдэд өдөрт гурван цаг л бэлтгэл хийж байгаа аж. Хэрэв бэлтгэлээ хэтрүүлбэл мөр нь өвддөг гэнэ. Тэрбээр ярихдаа "Миний насан дээр бол зовж бус аз жаргалтай тоглох хэрэгтэй. Би энэ улсад хайртай. Хятадад би мөрөөдөлдөө хүрч чадаагүй. Харин энд чадлаа. Бууж өгөхгүй байх нь л чухал юм" гэжээ.
Холбоотой мэдээ