Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн шинэ улирал ирэх намар эхлэх учиртай. Жилээс жилд үзэгч фэнүүд, хөрөнгө оруулагчдаар цар хүрээгээ тэлж буй дээд лиг энэ жилээс эхлэн аваргуудаа олон улсад өрсөлдүүлж эхлэв. Энэ ч утгаараа дотоодын өрсөлдөөн ширүүсч, багууд олон улсаас өндөр зэрэглэлийн дасгалжуулагч, тамирчдыг элсүүлж байна. Дотоодын тамирчдын үнэлгээ ч өсч, цалин гэрээ нь Азийн топ лигүүдийн хэмжээнд дөхөв.
Дээд лигийн багууд удахгүй нэгдсэн бэлтгэлдээ гарч, менежер, дасгалжуулагч, багийн эзэд бүрэлдэхүүнээ зузаатгах ажилдаа анхаарч эхэлнэ. Одоогийн байдлаар чөлөөт агентын зах зээл дээрх хамгийн том нэр нь А.Ананд. Түүний Хасын Хүлэгүүд багтай байгуулсан гэрээ дуусгавар болжээ. Ирэх улирал түүнийг хаана, аль багт тоглох вэ гэдэг асуулт анхаарал татаж буй. Өдгөө 27 настай тэрбээр одоогоор 3х3 сагсан бөмбөгтөө анхаарч байгаа бөгөөд Монголын Сансар болон Хятадын Шанхай Суртай гэсэн хоёр багт харьяалалтай тоглож байна.
Өнгөрсөн улирал Хасын Хүлэгүүд багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж, улиралд үндсэн 80 сая төгрөгний цалинтай тоглосон А.Анандыг энэ зун багтайгаа гэрээгээ сунгаж, аваргаа хамгаална гэж фэнүүд нь итгэж байна. Гэхдээ А.Анандыг элсүүлэх сонирхолтой багууд олон бий. Дурдвал IHC Apes баг. Тус багийн эзэн О.Мөнхжин ирэх улирал багаа хүчирхэгжүүлнэ гэдгээ мэдэгдчихсэн. Мөн хоёр жил дараалан аман хүзүүдсэн Бишрэлт Металл, дээд лигийн өнө удаан түүхт BCH Гарьд багууд А.Анандыг элсүүлчих чадалтай, чансаатай.
Магадгүй Т.Санчирыг эгнээндээ элсүүлж, удахгүй аваргын төлөө дайралтаа эхлүүлэх зорилготой Налайх Бизон, эргэн аваргын цомыг нутагтаа аваачих хүсэлтэй Эрдэнэтийн Уурхайчид ч түүний араас явахыг үгүйсгэхгүй. О.Энхбаатар, А.Ананд нар хамтдаа хэдхэн жилийн өмнө Архангай Алтан Дорнодын Дайчид багт лигийн шилдэг залуу хослолоор тодорч, дээд лигээс хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Одоо ч тэд хамтдаа 3х3 сагсан бөмбөгийн Сансар багт хүчин зүтгэдэг.
Дашрамд сонирхуулахад, Японы сагсан бөмбөгийн мэргэжлийн В лигт Монголын тамирчид легионер тоглогчийн статустай тоглох боломжтой болсон билээ. Тиймээс ахлах сургуулиа Японд дүүргэсэн А.Ананд В лигт тоглох боломж бүрдсэн.
Холбоотой мэдээ