Украины агаарын хүчин Оросын газар нутагт довтлох болсон тул Москва хотын хойд зүгт байрлах Путины зуслангийн байшин шинэ агаарын довтолгооноос хамгаалах төхөөрөмжтэй болжээ. Новгород мужийн Валдай нуур дахь Путины зуслангийн байшингийн ойролцоо хэд хэдэн "Pantsir-S1" агаарын довтолгооноос хамгаалах систем байрлуулсныг хиймэл дагуулаас авсан зураг харуулжээ. Оросын ерөнхийлөгч Путин зуны улиралд Валдай дахь ордондоо байрладаг тул Украин тухайн газрыг онилж магадгүй гэх үндэслэлээр хамгаалалтыг нэмэгдүүлсэн.
Путины зуны ордон нь Валдай үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх засгийн газрын томоохон амралтын цогцолборт байрладаг. Уг цогцолборт төрийн тэргүүн болон холбогдох хүмүүс нэвтрэх боломжтой бөгөөд энгийн аялагчдыг орохыг хориглодог. "Liberty" радиогийн мэдээлснээр, өнгөрсөн есдүгээр сараас тавдугаар сарын хооронд Орост үйлдвэрлэсэн "Pantsir-S1" системийг Валдайд байрлуулсан. Энэ нь холын зайнд цохилт өгөх чадвартай нисгэгчгүй онгоцыг боловсронгуй болгосон Украины эсрэг хамгаалалт гэжээ. "Maxar Technologies"-ийн хиймэл дагуулаас авсан зургуудаас харахад агаарын довтолгооноос хамгаалах систем нь стратегийн хувьд цогцолбороос хэдхэн км-ийн зайд, ойн гүн дэх цамхаг дээр байрладаг. "Pantsir-S1" системүүд нь ойрын тусгалын далавчит пуужин болон нисгэгчгүй онгоцтой тэмцэхэд зориулагдсан.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ