Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос допингийн шинжилгээний хариуг өнөөдөр /2024.07.17/ мэдээллээ.
Тус комиссоос өгсөн мэдээллээр, допингийн шинжилгээний дөрвөн сорьц нарийвчилсан шинжилгээнд орж байна.
Бөх, харваачдын бусад 44 сорьцын шинжилгээнд допингийн төрлийн хориотой бодис илрээгүй.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын зүгээс, допингийн эсрэг үйл ажиллагаануудыг тогтмол хийж байгаа. Энэ удаагийн үндэсний их баяр наадмын үеэр бөх, сурын харвааны үеэр сорьц цуглуулагч, шинжээч зэрэг гурван төлөөлөл ажилласан. Шинжилгээний бүхий л үйл ажиллагааны явцад тагнуул, цагдаа, холбогдох бусад байгууллагууд хяналт тавьж ажилласан.
Допингийн шинжилгээний сорьж авах явцад алдаа дутагдал гараагүй.
Улаанбаатарын цагаар долдугаар сарын 14-ны 02:00 цагт лабораторид хүргэгдэж, долдугаар сарын 15-ны 22:40 цагт хариуг ирүүлсэн. Одоо дөрвөн сорьцын хариуг дахин шинжилж байна. нэмэлт шинжилгээг хийх шаардлага үүссэн. Энэ нь гэхдээ эерэг хариу гарсан гэсэн үг биш.
Нарийвчилсан шинжилгээний хариу гарсны дараа бөхчүүдэд мэдэгдэж, нэрсийг олон нийтэд зарлах эсэх нь тодорхой болно.
Энэ удаагийн наадмаар 48 сорьц явуулснаас дөрвөн сорьц нь эргэлзээтэй гарсан. Үлдсэн дөрвөн сорьцын хэд нь бөхөөс, хэд нь сурын харваачдаас гэдгийг хэлэх боломжгүй. Нэмэлт шинжилгээний хариу гарахад 14-21 хоног болно. Бидний зүгээс аль болох түргэн шуурхай хариуг гаргаж өгөх хүсэлт тавьсан гэх хариултыг Допингийн эсрэг байгууллагын төлөөлөл мэдээллээ.
Холбоотой мэдээ