Сүүлийн жилүүдэд үерийн ус, автомашинаар дамжин суурин газарт могой орж ирж буй. Энэ жил могой суурин газарт байна гэх долоон удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, /2024.07.06/-ны өдөр Сүхбаатар дүүрэг Дөлгөөн нуур орчимд могой байна гэх дуудлага ирж, нийслэлийн Байгаль орчны газраас шуурхай очиж ажилласан байна.
Энэ мэт суурин газарт бамбай хоншоорт могой орж ирсэн, хүүхэд хатгуулсан гэх дуудлага мэдээлэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд бүртгэгдэж байгааг эмч нар хэлж байгаа юм. Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа гэх мэт газруудаар ихэвчлэн байдаг аж.
Хүүхдүүд могойг олс, уяатай андуурч барьж авч, хатгуулах тохиолдол гардаг байна.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ хэлж анхааруулахыг эмч санууллаа. Мөн “Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой орж ирдэг. Бамбай хоншоорт могой нь хортой могой бөгөөд хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, аялал зугаалгаар явсан иргэдийн тээврийн хэрэгслээр дамжин могой орж байгааг хэлэв. Хэрэв могойд хатгуулсан тохиолдолд, хөл гар хавдахаас өмнө зүүж байгаа гинж, бөгж, цаг, гутал зэргийг тайлах шаардлагатай. Мөн шархыг нэмж зүсэх, сорох, мөсөөр жин тавих, өвчин намдаах эм уухгүй байхыг эмч сануулав.
Суурин газарт могой харсан тохиолдолд нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005, нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх, хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахыг ГССҮТ-өөс анхаарууллаа. Мөн аялал зугаалгаар явахдаа сэрэмжтэй байж, өндөр өвстэй газраар явахдаа түрийтэй битүү гутал өмсөхийг анхааруулав.
Холбоотой мэдээ