”Барилга-орон сууц 2010” үзэсгэлэнг нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

”Барилга-орон сууц 2010” үзэсгэлэнг нээнэ

Барилгын салбар эрчимтэй хөгжиж буй орчин цагт дэвшилтэт техник технологи, шинэлэг барилгын материал, шинээр нэмэгдэж буй барилга байгууламж,орон сууц, инженерийн шугам сүлжээ, ажлын байр зэрэг салбарын ололт амжилтыг олон нийтэд хүртээл болгох, улмаар бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээг нь олон нийтэд сурталчлах, гадаад дотоодын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, банк санхүүгийн үйлчилгээнд хамруулах зорилготой намрын уламжлалт “БАРИЛГА – ОРОН СУУЦ 2010” үзэсгэлэнг өнөөдөр Мишээл Экспо төвд нээнэ. Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар “Барилга.МН” Барилгын Зөвлөгөө Мэдээллийн Төв, хамтран зохион байгуулагчаар Зам Тээвэр Барилга Хот Байгуулалтын Яам, ГХБГЗЗГазар, Ерөнхий ивээн тэтгэгчээр  Их Үйлсийн Эрэлд ХХК-ний "Баянмонгол хороолол" ажиллаж байгаа аж.

Үзэсгэлэнд барилгын материал үйлдвэрлэл, импорт, худалдаа эрхлэгчид, барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэгчид, барилга орон сууцны захиалга авч байгаа байгууллагууд, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч байгууллагууд, барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд, зураг төсөл, интерьер дизайны байгууллагууд, банк, даатгал, санхүүгийн байгууллагууд оролцох юм.

Мөн үзэсгэлэнгийн үеэр хэрэглэгч, олон нийтэд зориулж салбарын төрийн болон ТББ-ын нээлттэй хаалганы өдөр, шинэ, шилдэг техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн сурталчилгаа, үзүүлэх сургалт, худалдааны өдөрлөг зохион байгуулагдах төдийгүй барилгын гадаад, дотоодын пүүс, компаниудын хооронд бизнесийн гэрээ хэлцэл байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлж өгөхөөр төлөвлөжээ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж