Сурвалжлага: Монголчууд дэгтэй, цэгцтэй, соёлтой наадав

Хуучирсан мэдээ: 2024.07.16-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Монголчууд дэгтэй, цэгцтэй, соёлтой наадав

Сурвалжлага: Монголчууд дэгтэй, цэгцтэй, соёлтой наадав

Үндэсний их баяр наадмын өдрүүд өндөрлөж, намрын их ажилдаа хэдийнэ шамдах цаг болов. Хэдийгээр зарим сумдын тэгш ойн баяр наадам үргэлжилж байгаа ч наадамчин олон энэ жил урьд урьд жилүүдээс илүү соёлтой, цэвэрхэн наадсан гэх дүн тавихад хилсдэхгүй.

ГОЛЫН ЭРЭГТ ХОГОО САВЛАЖ, АЧИЖ ЯВАХ УРИАЛГА ГАРГАЖЭЭ

Соёлтой наадаж байгаагийн хамгийн эхний жишээ бол голын эрэг. Нийслэлийнхэн баяр наадам гэлтгүй амралтын хэдэн өдөртөө багтаж агаар салхинд гарахыг эрмэлздэг. Энэ жишгээрээ хөдөө хол явж чадахгүй ч хоттой ойр гол бараадах хүний цуваа өнгөрсөн амралтын өдрүүдэд үл тасрав. Голын эрэг дагуух замын хэсэгт 500-800 метр зайд 2-3 ширхэг 200 литрийн поошиг тавьж, хажууд нь хогоо хийнэ үү, савлаж баглаж, ачиж явна уу хэмээх уриалга үгтэй самбар байршуулжээ. Наадамчин олны хөлд дарагдсан гэхэд голын эрэг харьцангуй цэвэр харагдана. Нүдэнд ундаа, лааз, архины шил харагдсангүй. Харин хаа нэг чихэр, чипсний уут хийснэ.

Мөн голын эрэгт архидан согтуурах хүн ч байсангүй. Энэ дүр зургаас харахад монголчууд утгаар нь наадамлаж сурч байх шиг.

Гэхдээ бүх хүн соёлтой болсон уу гэвэл үгүй. Зарим нь буусан газартаа савалсан хогоо орхиод явсан, ил гал түлсэн хэсгээ дутуу цэвэрлэсэн тохиолдол ч цөөнгүй. Ачиж ирээд хэрэглэж дууссан хүнсний бүтээгдэхүүнийхээ  хогоо буцаагаад авч яваагүй үлдээсэн нь ухамсрын л асуудал болов уу. Гэхдээ зарим ухамсартай аялагчид уутлаад үлдээсэн хогийг нь хогийн цэг дээр аваачиж, ил гал түлсэн хэсгийг цэвэрлэн, дахин галлаж байгаа нь ч харагдлаа.

Амрагчид голын эрэгт сүүдрэвч барьж, шорлог хийж суух нь олонтаа. Амарч зугаалж яваа иргэдийн зүгээс нөгөө л тохижуулалт, байгалийн бохирдлыг анхаарах хэрэгтэйг ярина.

Ядаж хүний биологийн хэрэгцээ хангах боломжтой бие засах газар зайлшгүй тулгамдаж байгааг хэлсэн юм. Бусдаар байгальд аялж байгаа хүмүүс дор бүрнээ ухамсартай, хариуцлагатай аялж байгааг амрагчид хэлж байлаа.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ, ХҮЙ МАНДЛЫН ДЭНЖ ХҮНЭЭР ТАСАРСАНГҮЙ 

Наадмын дараагийн нэг онцлог бол энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагийн дэнжид наадамчин олны хөл тасраагүй. Баярын нээлтийн өдөр гадаад, дотоодын иргэд бужигнаад л маргаашаас нь бөх сонирхогчдоос бусад нь хөдөө, эсвэл Хүй долоон худаг руу зорьдог байсан бол энэ удаад наадмын гурван өдөр цэнгэлдэх тойрсон хөдөлгөөн бужигнав. Энэ нь орчин цэвэр болж, олон нийт соёлтой наадаж байгаатай холбоотой биз.

Учир нь цэнгэлдэх тойрсон олон төрлийн худалдаа энэ жил цэгцэрч, тоотой хэдэн асрууд жигдрэн, хүмүүс ч хог хаягдал, бохир зүйлгүй эмх цэгцтэй, соёлтой наадсан.

Мөн цаг агаар сайхан байсанд наадамчин олон сэтгэл хангалуун байв. Хотоос гараагүй иргэдийн хувьд гэр бүл, найз нөхдөөрөө энэ жил цэнгэлдэхдээ наадсан нь хар зах шиг эмх цэгцгүй худалдаа, үйлчилгээ явуулаагүй, зөвхөн заасан бүсэд зөвшөөрсөн талбайд л худалдаа эрхэлж байгаатай ч холбоотой болохыг хэлсэн юм. Цэнгэлдэхээс гадна хүй мандлын дэнж ч тасралтгүй бужигнах дотоод, гадаадын иргэдтэй байв.

Энэ жил өнгөрсөн онуудаас илүү олон жуулчин Монголын наадмыг зорин ирж үзэж байгаа нь нэг талаар монгол ахуй соёл, уламжлал, нөгөө талаар тэдний сонирхлыг татах хөтөлбөр, арга хэмжээ сайтай байсны илрэл.

ХОТООС ГАРСАН ХҮН ЦӨӨРСӨН Ч НИЙСЛЭЛ СЭЛҮҮХЭН БАЙВ

Наадмын урт үргэлжилсэн амралтын өдрүүдэд нийслэлд үлддэг хүн цөөрдөг. Баярын өдрүүдэд 700-800 мянган машин хотоос гардаг бол энэ жил тус тоо хоёр дахин буурсан байна. Тодруулбал, улсын их баяр наадмын амралт буюу 2024 оны долдугаар сарын 9-13-ны өдөр Улаанбаатар хот тойрсон зургаан төлбөр авах цэгээр 357 мянга 916 тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд зорчжээ. Хэдийгээр өнгөрсөн жилүүдээс бага машин орон нутаг руу зорчсон ч хот  намуухан, сэлүүхэн наадмын өдрүүдийг өндөрлөлөө.

Ирэх жилийн наадам даан ч хол байна гэдэг ч төд удалгүй эргээд л үндэстэн олноороо баярлах өдрүүд ирсэн байдаг.

Тиймээс дараа, дараагийн жилүүдэд үүнээс илүү соёлтой, цэгцтэй наадаж, зөвхөн дотооддоо биш олон улсад өөрсдийгөө сурталчлах боломж монголчууд бидэнд байгаа нь лавтай…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж