“Парис-2024” олимпийн буудлагын спортын төрөлд эх орноо төлөөлөн оролцох зарим тамирчдын эрх зөрчигджээ. Тодруулбал, Монгол Улсаас буудлагын спортын тамирчин О.Есүгэн, Н.Баяраа, Э.Даваахүү нар олимпийн эрхээ авсан ч Н.Баяраа, О.Есүгэн нар оролцох ёстой төрөлдөө өрсөлдөх боломжгүй болсон нь олны анхаарлыг татаж байна. Энэ асуудлаар буудлагын спортын тамирчин, Олон улсын хэмжээний мастер О.Есүгэнээс тодрууллаа. Тэрбээр энэ цаг үед Австри улсад олимпийн бэлтгэлээ базааж буй юм.
Тэрбээр "Одоо бол хэн алдаа гаргасан нь чухал биш. Хамгийн гол нь тамирчдынхаа эрх ашгийн төлөө Олон улсын олимпийн хороо руу мэдэгдэл, хүсэлт гаргах шаардлагатай байна. Гэтэл Монголын үндэсний олимпийн хорооноос "Энэ бидний алдаа биш, буудлагын холбооны алдаа" гэж өөрсдийнхөө арьсыг хамгаалж байна. Манай буудлагын спортын олимпийн эрхийг Азидаа 7-8 тэмцээнд амжилт гаргаж байж өгдөг. Харин Европт 10 гаруй тэмцээнд оролцдог. Монголд 10 метрт хийн буу болон 50 метрийн төрөлд калебраар бууддаг.
Миний хувьд 2023 онд Азербайжаны нийслэл Баку хотноо буудлагын 59 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 50 метрийн төрөлд гурван байрлалаас буудаж, олимпийн эрхээ авсан.
Эрх нь дүүрээгүй бол нэг хүн нэг дасгал дээр нэг л эрх авах эрхтэй байдаг. Монгол Улсаас эмэгтэй 10 метрийн төрөлд эрхээ аваагүй бол надад тэр төрөлд оролцох эрх нээгддэг. Нэг төрөлд эрхээ авахад бусад төрөлд оролцох эрхтэй. Өмнө нь ч тэгж ирсэн. Одоо ч тэр дүрэм нь хэвээрээ байгаа. Би 2020 оны Токиогийн олимпод тэгж орсон. Ингэхдээ би 10 метрийн хийн буугаар эрхээ авч, 50 метрт буудсан.
Монголын үндэсний олимпийн хороонд энэ хүн энэ төрөлд олимпийн эрх авсан. Тамирчин урт бууны 50 метрийн төрлөө гар буу руу шилжүүлэх үү, өөр хүнд өгөх үү гэдэг квотын санал асуулга авдаг хүснэгт байдаг.
Тэр хүснэгтийг хараад цаашаагаа мэдүүлгээ өгчихсөн юм шиг байна лээ. Гэхдээ Э.Даваахүү ахын мэдүүлгийг тэгж явуулахгүйгээр бүх дасгалыг нь бичиж явуулсан. Тэгсэн хэрнээ Н.Баяраа бид хоёрын дасгалыг мэдүүлэгтээ бичээгүй. Энэ санаатай үйлдэл юм уу. Буудлагын холбооны нарийн бичгийн дарга бүх дасгалдаа буудна гэж тайлбарлаж өгөхөд "Ойлголоо" гэж хэлсэн. Энэ бүх асуудалд МҮОХ-ныхон буруутай гэж бодож байна. Монгол Улсаас гар бууны төрөлд Э.Даваахүү, урт бууны эрэгтэй, эмэгтэй төрөлд О.Есүгэн, Н.Баяраа нар олимпийн эрхээ авсан. Эрэгтэй, эмэгтэй тамирчин нийлээд, холимог багт бас буудах боломжтой байдаг. Тамирчин энэ хариуцлагагүй үйлдлээс бол олимпийн наадмын оролцох ёстой төрөлд оролцож чадахгүй, эрхээ зөрчүүлж байна.
Бид илүү дасгалд буудах гээд улайрсан зүйл байхгүй. Хамгийн түрүүнд зөрчигдсөн эрхийг нь хамгаалахаар холбогдож, тодруулах ёстой байтал юу хийгээд байгааг сайн ойлгохгүй байна.
Бэлтгэл сургуулилалт маш сайн байна. Олон улсын олимпийн хорооноос долдугаар сарын 8-нд мэдүүлэг авах хугацаа дуусч, 9-нд тэр төрөлд энэ улсын тамирчид буудна гэдэг жагсаалтыг гаргадаг. Тэр жагсаалтад миний нэр байгаагүй учраас холбоо руугаа мэдэгдэж, МҮОХ-нд мэдэгдсэн. Одоо хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна" гэв.
Холбоотой мэдээ