Евро 2024 тэмцээний финалын тоглолт өнөөдөр/2024.07.15/ Герман улсын нийслэл Берлин хотын олимпийн цэнгэлдэхэд болж өнгөрлөө.
ИСПАНИ 2 – 1 АНГЛИ
Хөлбөмбөг гэртээ харих уу эсвэл Испанийн шинэ эрин үе эхлэх үү гэх асуултын хариултыг олох тун чухал тоглолт боллоо. Англичууд гурван жилийн өмнө эх орондоо ард түмнийхээ өмнө финалын тоглолтод хожигдож, "шархтай" үлдсэн. Харин Испанийн шигшээ багийн алтан үе 2008-2012 оны хооронд хоёр удаа Европын аварга, нэг удаа дэлхийн аварга болсноос хойш унтарч, дараагийн цаг үеэ хүлээв.
Энэ Еврогийн турш хамгийн сайн формтой байгаа баг бол яахын аргагүй Испани. Тэд хожигдох бүү хэл тэнцээ ч үгүй бүх тоглолтдоо ялалт байгуулсаар финалд хүрсэн бол Английн шигшээ баг үнэндээ үлгэн салган явсаар финалд хүрсэн нь нууц биш.
Тоглолтын тухайд Испанийн шигшээ баг эхнээсээ бөмбөг илүү эзэмшиж, довтолгоонд санаачлагатай байв. Ялангуяа Ламин Ямаль, Нико Уиллиамс, Алваро Мората, Дани Олмо зэрэг довтолгооны тоглогчдынх нь ойлголцол, богинын дамжуулалт, нэгийн хүрэлтүүд Английн хамгаалалтыг багагүй сандаргасан.
Эхний үе хоёр баг хуурай тэнцэж, хоёрдугаар эхлээд удаагүй байхад Ламин Ямалийн дамжуулалтаар Нико Уиллиамс тооны харьцааг нээсэн. Өчигдөр л 17 нас хүрсэн Ямаль энэ Еврогийн турш тун гайхалтай байгаа бөгөөд Нико Уиллиамс ч олдсон боломжоо алдсангүй.

Хожигдож эхэлсэн Английн шигшээ баг авдраа уудалж, довтолгооны сэлгээнүүдээ гаргасан. Энэ нь ч үр дүнгээ өгч сэлгээгээр талбайд гарсан Коул Палмер 73 дахь минутад алсын цохилтоор тооны харьцааг тэнцүүлж, багаа аварчээ.

Английн хариу цохилтод өртсөн Луис де ла Фуенте хариу нүүдлээ хийж, Микел Ойарзабалыг талбайд гаргасан нь үр дүнгээ өгч, тэрбээр 86 дахь минутад хожлын гоолыг оруулав. Тоглолтын төгсгөлд Английн шигшээ багийн булангийн цохилт аюул тарьж, Марк Гехигийн мөргөсөн хаалга руу орж явсан бөмбөгийг Дани Олмо хамгаалж, Английн фанатуудыг гонсойлгосон.

Ийнхүү шүүгч эцсийн шүгэлийг үлээснээр Испанийн шигшээ баг түүхэндээ дөрөв дэх удаагаа Европын аваргаар тодорч, энэ амжилтыг үзүүлсэн түүхэн дэх анхны баг болж байна.

Тоглолтын дараа Испанийн дасгалжуулагч ЛУИС ДЕ ЛА ФУЕНТЕ:
-Үүнээс илүү аз жаргалтай байж чадахгүй нь ээ. Бид бол жинхэнэ баг, Европын аваргууд. Өдөр ирэх тусам тэднээрээ бахархаж байна. Испани даяар биднийг дэмжиж байсанд баярлалаа.
Харин энэ Еврогийн шилдэг тамирчнаар шалгарсан РОДРИ:
-Магадгүй миний амьдралын хамгийн гайхалтай өдөр тохиож байна. Бид Европын аварга боллоо. Европын хамгийн амжилттай шигшээ баг боллоо. Бид түүхийг бичлээ.
Финалын тоглолтын шилдгээр шалгарсан НИКО УИЛЛИАМС:
-Би онцгой мэдрэмж, аз жаргалыг мэдэрч байна. Бидний гэр бүл, фэнүүд гээд бүгд үүнийг хүртэх эрхтэй. Европын аваргууд боллоо. Одоо дэлхийн аваргын төлөө зорино. Биднийг хэн ч дийлэхгүй. Бид бол гайхалтай баг гэж хэлмээр байна.
Английн менежер ГАРЕТ САУТГЕЙТ:
-Испани энэ тэмцээний шилдэг баг байлаа. Бид бөмбөг сайн эзэмшиж чадсангүй. Гэхдээ сүүлийн 10 минутаас өмнө сайн байлаа. Би хүн бүхний мэдэрч байгааг мэдэрч байна.
Английн ахлагч ХАРРИ КЭЙН:
-Бидний мэдэрч байгаа зүйлийг юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Боломжоо алдлаа. Уг нь ийм боломжийг алдаж болохгүй. Гэхдээ дахиад л чадсангүй. Энэ үнэхээр удаан хугацаанд намайг шаналгах байх.
Дараагийн Европын аварга 2028 онд Англи, Шотланд, Уэльс, Ирланд улсуудад болно.
3,548.92





















































Холбоотой мэдээ