Евро 2024 тэмцээний финалын тоглолт маргааш/2024.07.15/ 03.00 цагаас эхэлнэ. 24 багтай эхэлсэн Европын аварга бүтэн сарын турш Герман улсад үргэлжилж ийнхүү эцсийн зогсоол дээрээ ирлээ.
ИСПАНИ – АНГЛИ
Хөлбөмбөг хэмээх агуу спортыг англичууд бий болгосон гэх түүх бий. 19-р зуунд Их Британийн аралд үүссэн энэхүү спорт улмаар дэлхий даяар түгж өнөөдрийн бидний мэдэх хөгжилд хүрчээ. Харамсалтай нь англичууд хөлбөмбөгтөө эзэн болж чадахгүй л байна. Тэд хамгийн сүүлд 1966 онд буюу одоогоос 58 жилийн өмнө дэлхийн аварга болж байв. Үүнээс хойш дэлхийн аварга, Европын аваргаар Англи фаворитоор нэрлэгдэж ирсэн ч ганц удаа цом өргөж үзсэнгүй.
Английн хөлбөмбөг, тамирчид, лиг нь дэлхийд зартай. Англи хөлбөмбөгчдийн үнэ тэнгэрт хадаж, Премьер лиг нь дэлхийн хамгийн үзүүштэй, өрсөлдөөнтэй, баян лиг гэх. Гэвч Английн шигшээ баг нь бидний цаг үед олон улсын тэмцээнд түрүүлж үзээгүй л явна. Магадгүй 2024 оны Европын аварга англичуудын цомын ган гачгаа тайлах, азгүйтэл, бүтэлгүйтэлдээ цэг тавих түүхэн мөч байх биз.

Гэхдээ сүүлийн том даваа нь Испани. Энэ Еврод Испанийг хожих бүү хэл тэнцсэн ганц ч баг байхгүй. Хамгийн дөхүүлсэн нь эзэн орон Герман боловч нэмэлт цагт тахим буулгасан. Ла Роха энэ Еврод Ламин Ямаль болон Нико Уиллиамс гэсэн залуу оддыг дэлхийд таниулж, гангарч байна. Зүүн, баруун жигүүрт олон жил уралдсан хурдан хүлгүүд шиг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа гэхэд хилсдэхгүй. Мөн Родри, Алваро Мората хоёр ч туршлага гэж юу байдгийг харуулж, манлайлал үзүүлж буй.

Тоглолтын өмнө Испанийн дасгалжуулагч ЛУИС ДЕ ЛА ФУЕНТЕ:
-Би жаргалтай байна. Надад амьдралдаа сөрөг зүйлсийг хуримтлуулах цаг байхгүй. Зөвхөн сайн зүйлсийг л хардаг. Еврогийн финалд тоглоно гэдэг бол хөлбөмбөгт үзүүлж болох том амжилтуудын нэг. Бид үнэхээр тайван, тоглоход бэлэн байна. Энэ финал эн тэнцүүхэн, өрсөлдөөнтэй болно. Хүмүүс ийм тоглолтууудын үргэлж нарийн зүйлсийг харж байх хэрэгтэй. Алдаа бага гаргасан баг нь хожно. Баг маань энэ тоглолтод хамгийн шилдэг тоглолт үзүүлэх болно.
Испанийн хамгаалагч ХЕСУС НАВАС:
-Англи бол дэлхийн том тоглогчидтой том баг. Тоглолт хүнд байх нь аргагүй. Гэхдээ бид үнэхээр догдолж, тоглохыг тэсэн ядан хүлээж байна. Учир нь бид энэ Еврогийн турш сайн байгаа. Багийн дотоод уур амьсгал гайхалтай байгаа. Багийнхаа төлөө, эх орныхоо төлөө түрүүлнэ гэж найдаж байна. Би үнэхээр бид энэ цомд түүрүүлнэ гэж найдаж байгаа.
Английн дасгалжуулагч ГАРЕТ САУТГЕЙТ:
-Тамирчдад ийм тоглолтод урам зориг өгөх хэрэггүй байдаг юм. Гол нь бид энэ тоглолтыг шийдэх гол зүйлүүдийнхээ зөв талд байгаа эсэхээ нягтлах хэрэгтэй. Энэ финал эх оронд минь, багийнханд минь ямар утга учиртай вэ гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэр онцгой үдшийн төлөө бид бүхнээ зориулахад бэлэн. Испанийн тоглолт бол ойлгомжтой. Тэд хурдтай, эрчтэй шахдаг баг. Бөмбөг сайн эзэмшдэг учир зохион байгуулалттай байх хэрэгтэй. Бид ч сүүлийн тоглолтуудад бөмбөг сайн эзэмшсэн.
Английн ахлагч ХАРРИ КЭЙН:
-Өнгөрсөн Еврогийн финалд хожигдсоны дараа бидний ихэнх нь гутарсан. Эргэн финалд гарах гэж урт замыг тууллаа. Хөвгүүддээ баяр хүргэе. Дахин Еврогийн финалд гарсан нь биднийг ямар сэтгэл зүйтэй вэ гэдгийг харуулж байна. Итгэлцэл энэ тэмцээний турш бүрэлдсэн. Бидний туршлага эв нэгдэл, итгэлийг бий болгосон. Бидэнд гайхалтай тамирчид, хамтын ажиллагаа бий. Одоо улам хичэээх л үлдлээ. Талбайд гарч, ажлаа хийхэд асуудал багасна гэж бодож байна.
3,569.17






















































Холбоотой мэдээ