АНУ-ын “SpaceX” компанийн “Falcon 9” пуужин зөв тойрогтоо хүрэлгүйгээр бүтэлгүйтсэн тул интернет хиймэл дагуулыг төлөвлөсөн тойрог замд байрлуулах боломжгүй болжээ. Хиймэл дагуулуудыг тээвэрлэсэн нисгэгчгүй пуужин АНУ-ын Калифорни мужаас Пүрэг гаригт хөөрсөн аж. Тус компани пуужингийн эхний үе шат хэвийн ажиллаж байсан ч хоёр дахь шатанд шингэн хүчилтөрөгчийн алдагдал үүссэн байх боломжтой гэж тайлбарлөв. Үүний үр дүнд хиймэл дагуулуудыг төлөвлөснөөс доогуур тойрог замд байрлуулах шаардлагатай болсон гэж мэдэгджээ.
“SpaceX” компани бүтэлгүйтсэн хиймэл дагуулууд дэлхийн агаар мандалд дахин орж, шатах болно гэж найдаж байна. Бүтэлгүйтсэн пуужин болон хиймэл дагуулууд тойрог замд байгаа бусад хиймэл дагуулууд болон олон нийтийн аюулгүй байдалд аюул учруулахгүй гэж тус компани мэдэгдэв. Энэхүү бүтэлгүйтэл нь 2016 онд хөдөлгүүр асаах туршилтын үеэр дэлбэрч, ачсан байсан хиймэл дагуулыг устгаснаас хойш “Falcon 9” пуужингийн анхны бүтэлгүйтэл гэж АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. “SpaceX” бүтэлгүйтлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж буй. АНУ-ын Холбооны нисэхийн алба дахин “Falcon 9” пуужин хөөргөхөөс өмнө шалгалтаа дуусгаж, зөвшөөрөл авах ёстой гэж мэдэгдэв. “Falcon 9” нь “SpaceX”-ийн үндсэн пуужин бөгөөд 300 гаруй удаа амжилттай хөөрсөн байдаг.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ